ХӨДӨЛМӨРИЙН ЭРХИЙН МАРГААНЫГ ШҮҮХЭД ХАНДАХААС ӨМНӨ ХААНА ХАНДАХ ВЭ

  • 2023-03-24

САНАМЖ: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой.

 

Шүүхийн нэр, шүүгчийн захирамжийн дугаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, шүүгчийн захирамж, 2023.03.09 №903

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

 

Иргэн А нь  Б аймгийн ЗДТГ-т холбогдуулан “Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ “...хүүхэд асрах цалингүй чөлөөний хугацаа дууссаны дараа ажил олгогч урьд эрхэлж байсан ажилд нь томилоогүй, татгалзсан тул шүүхэд хандсан” гэж тайлбарлажээ.

Хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр маргаан таслах комисст, тийм комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандаж шийдвэрлүүлэх талаар Хөдөлмөрийн тухай хуульд заажээ.

Хэрэв хуульд зааснаар хөдөлмөрийн эрхийн маргаантай холбоотой асуудлаа шийдвэрлүүлээгүй, ажилтан шууд шүүхэд хандвал нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, дээрх журмыг хангуулдаг.

Иймд шүүхээс нэхэмжлэгч А-г хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан талаарх гомдлоо хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргахгүйгээр шууд шүүхэд хандсан тул урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэж А-гийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Процессын тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик