НЭХЭМЖЛЭЛИЙН ТӨРӨЛ НЬ АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭС ГАРАХ ШИЙДВЭРИЙН ТӨРӨЛТЭЙ НИЙЦСЭН БАЙХ ШААРДЛАГАТАЙ

  • 2023-03-28

 Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2023 оны 03 дугаар сарын 28

Тоймын огноо дугаар: 2023 оны 03 дугаар сарын 28, Дугаар 02

Тоймын төрөл. Шүүхийн процессын  тойм

Шүүгчийн захирамжийн  төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.    

Санамж:  Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

            Нэхэмжлэгч “С” нь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад  холбогдуулан “... “Ө” сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай 700 м2 газрыг эзэмшүүлэхийг даалгах “ шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

            Нэхэмжлэлийн үндэслэлд “... маргаан бүхий газрыг 50 жилийн хугацаатайгаар нэхэмжлэгчид эзэмшүүлэх шийдвэр эрх бүхий этгээдээс гарсан боловч, уг шийдвэр нь гарсан огноогүй, баталгаажуулсан тамгагүй, шийдвэр гаргасан эрх бүхий этгээдийн гарын үсэггүй. ... Хариуцагч газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байна” гэж тусгажээ.

            Шүүхээс 10 хоног дотор нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг зөв тодорхойлж ирүүлэх боломжийг нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийг буцаажээ.

Учир нь нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн төрөл нь хуульд заасан захиргааны хэргийн анхан шатны шүүхээс гарах шийдвэрийн төрөлд хамаарахгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэлийн үндэслэлд тухайн газрыг эзэмших шийдвэртэй гэж тусгасан атлаа нэхэмжлэлийн шаардлагыг “... газар эзэмшүүлэхийг даалгах” гэж тодорхойлсон нь ойлгомжгүй, мөн нэхэмжлэгчийн газрын асуудалтай холбоотой ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж буй нь тодорхой бус байна.

Өөрөөр хэлбэл, газар эзэмших шийдвэр гаргуулах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл газар эзэмших эрхийн гэрчилгээ авах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн эсэхийг тодорхой заагаагүйгээс ойлгомжгүй болжээ.

             Энэ тохиолдолд,  шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон  нэхэмжлэлийн төрөл нь анхан шатны шүүхээс гарах шийдвэрийн төрөлтэй нийцсэн байх шаардлагатайгаас гадна захиргааны байгууллагын хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгааг нэхэмжлэлдээ тодорхой заах шаардлагатай  гэж үзсэн болно.

Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша