ШҮҮХ ХУРАЛДААНЫГ ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ЯВУУЛАХ ХҮСЭЛТИЙГ ХАНГАЖ, ШҮҮХ ХУРАЛДААНЫГ ДАРУЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЭВ

  • 2023-04-06

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023.03.09 №50

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Процессын тойм: №04, 2023.04.06

Санамж: Энэхүү мэдээлэл нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, харин шүүхийн шийдвэрийг олон нийтэд нээлттэй байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Иргэн Е “М” дээд сургуулийг 2006 онд суралцаж төгссөн гэх хуурамч диплом ашиглан 2006 оны 9 сараас 2023 оныг хүртэл хугацаанд А аймгийн Ц сумын ахлах сургуулийн биеийн тамирын багшаар ажиллаж, сургуулийн цалингийн санд 49.485.238 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож, прокуророос түүнийг “Хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд талуудын гаргасан хүсэлт, гомдол, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийхээр хуульчилжээ.

Яллагдагч Е-гийн өмгөөлөгч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийхээр товлон зарласан.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х яллагдагч Е-тэй сайн дураар эвлэрсэн тухай хүсэлтийг бичгээр гарган, яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй эвлэрсэн гэх үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хялбаршуулж явуулах хүсэлт гаргажээ.

Шүүх яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шаардлага хангагдсан гэж үзэж, яллагдагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх  асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг даруй хийж, шүүгдэгч Е-г Эрүүгийн хуульд заасан “Дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек.