МАРГААНД ХАМААРАЛГҮЙ АСУУДЛААР НЭХЭМЖЛЭЛИЙН ШААРДЛАГА НЭМЭГДҮҮЛЭХГҮЙ

  • 2023-04-18

Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.06.28, №110/ШЗ2022/0212

Тоймын огноо дугаар: 2023. 04.17,  №6

Тоймын төрөл. Шүүхийн процессын  тойм

Шүүгчийн захирамжийн  төлөв: Хүчин төгөлдөр болсон.    

Санамж:  Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Иргэн А.А-гийн нэхэмжлэлтэй, “Ө” сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс 438 мкв газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Засаг даргад даалгах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн.

 Тодруулбал, “Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж буй 400 м2 газрын урьд талын 438 мкв газрыг  чөлөөлүүлэх хугацаатай мэдэгдлийг гуравдагч этгээд З.А-д  өгөөгүй хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, газар чөлөөлүүлэх хугацаатай мэдэгдэл өгөхийг даалгах, мэдэгдэлд заасан хугацаанд гуравдагч этгээд З.А нь газрыг чөлөөлөөгүй нөхцөлд хууль бусаар ашиглаж буй 438 мкв газрыг албадан чөлөөлүүлэх, тус шийдвэрийн биелэлтийг цагдаагийн байгууллагаар хангуулах тухай шийдвэр гаргахыг даалгах” гэж шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нэмэгдүүлсэн.

 Шүүхээс нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хянаж үзээд, “нэхэмжлэгч дээрх төрлийн шаардлага гаргах эрх бүхий этгээд биш” гэж үзэв.

Нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн аль нь маргаан бүхий 438 м2 газрыг эзэмших эрхтэй гэж маргасан ба нэхэмжлэгч А.А-д  одоогоор 438 м2 газрыг эзэмших эрх үүсээгүй, тухайн газрын эзэмшигч биш тохиолдолд “газрыг гуравдагч этгээд зохих зөвшөөрөлгүйгээр эзэмшиж, ашиглаж байгаа” гэж маргах эрхгүй.

 Өөрөөр хэлбэл, газрыг хэнд эзэмшүүлэх шийдвэр гаргасны дараа газар чөлөөлөх асуудал хэлэлцэгдэх бөгөөд эхэлж газрыг хэн эзэмших, өмчлөх эрхтэй болохыг тогтоосны дараа Засаг дарга хууль бус эс үйлдэхүй гаргасан эсэхийг шийдвэрлэх юм.

Тойм бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М. Риза