БАРИВЧЛАХ ШИЙТГЭЛИЙГ ОРОН НУТАГТ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ГҮЙЦЭТГЭНЭ

  • 2023-04-21

(2023.04.21, №05)

 

САНАМЖ: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой.

Шүүхийн нэр, магадлалын дугаар: Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Зөрчлийн хэргийн магадлал, 2023.04.07. №11

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

 

Холбогдогч Б нь 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шөнийн цагаар гэр бүлийн гишүүдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, эхнэр С-ийг гэрээс нь хөөж, сэтгэл санааны дарамт учруулж, хүүхдүүдийн дэргэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тул анхан шатны шүүхээс түүнийг Зөрчлийн тухай хуульд зааснаар 14 цагийн албадан сургалтад хамруулж, 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулжээ.

Шүүгчийн шийтгэврийн дагуу холбогдогч Б-г тус аймгийн Цагдаагийн газрын баривчлах байранд хүлээлгэн өгөх үед түүний артерийн даралт 180 мм.куб-аас дээш гарсан учраас холбогдогчийг баривчлах байранд хүлээж аваагүй бөгөөд уг нөхцөл байдлын улмаас шүүгчийн шийтгэвэр биелэгдээгүй, иймд холбогдогч Б-ээс “эмч нарын үзлэгээр намайг баривчлах байранд эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй гэсэн дүгнэлт гарсан тул баривчлах шийтгэлээс чөлөөлж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг гаргажээ.

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/246 дугаар тушаалаар баталсан “Баривчлах байрны дотоод журам”-д зааснаар шүүхийн шийдвэрээр баривчлагдсан хүнийг орон нутагт цагдаагийн байгууллагын баривчлах байранд хүлээн авах үед баривчлагдсан хүний артерийн даралт 180 мм.куб-ээс дээш байх тохиолдолд (1) ээлжийн дарга, эмч энэ талаар тэмдэглэл үйлдэн, (2) хувийг хүргэж ирсэн албан хаагчид өгч, (3) энэ тухай прокурорт даруй мэдэгдэхээр тогтоосон ба улмаар (4) баривчлагдсан хүнийг хүлээн авч болохгүй түүний эрүүл мэндтэй холбоотой  дээрх нөхцөл арилсан үед тухайн хүнийг хүлээн авч, баривчлах шийтгэлийг эдлүүлэхээр журамласан.

Хуульд зааснаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр заавал биелэгдэх бөгөөд зөрчлийн хэрэг үйлдэж, баривчлах шийтгэл хүлээсэн холбогдогчийг тухайн үед түүний эрүүл мэндийн байдлаас шалтгаалан цагдаагийн байгууллагаас баривчлах байранд хүлээж аваагүй явдал нь Б-г баривчлах шийтгэлээс чөлөөлөх хуульд заасан үндэслэлд хамаарахгүй тул түүний давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийнх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар баривчлах шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэрийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд аймаг, суманд цагдаагийн байгууллага гүйцэтгэхээр хуульчилсан. Иймд холбогдогч Б-ийн  эрүүл мэндийн байдал тогтворжиж, баривчлах байранд хүлээн авахад саад болсон нөхцөл байдал арилсны дараа түүнийг баривчлах байранд хүлээн авч, шүүгчийн шийтгэврээр Зөрчлийн тухай хуульд зааснаар оногдуулсан 14 цагийн албадан сургалтад хамруулж, 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлийг Цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ.

Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш