ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААНТАЙ БОЛ ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААГ ҮҮСГЭХ ХУГАЦААГ СЭРГЭЭЖ БОЛНО

  • 2023-04-27

САНАМЖ: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой.

Шүүхийн нэр, шүүгчийн захирамжийн дугаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, 2023.04.13 №1280

 Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 667 дугаар шийдвэрээр иргэн Е-ээс гэм хорын хохиролд 7,019,906.19 төгрөг гаргуулж “М” ХК-д олгосон ба нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу тус шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас тус тус гарсан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн дугаар албан бичгээр “...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх хугацаа өнгөрсөн...” гэх үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэхээс татгалзжээ.

М ХК нь дээрх шүүхийн шийдвэр гарах үед хязгаарлагдмал хариуцлагатай компани /XXК/ байсан бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар тус компанийг М ХХК-тай нэгтгэх замаар өөрчлөн байгуулж, М ХК болгосон. Өөрөөр хэлбэл, М ХХК-ийг өөр нэгэн ХК-тай нэгтгэх үйл явцтай холбоотойгоор М ХХК-ийн авлага барагдуулах үйл ажиллагаа тасалдаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад заасан хугацаа тасалдсан байх тул уг нөхцөл байдлыг харгалзан үзэж, тус шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 667 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хугацааг сэргээж өгнө үү гэх хүсэлтийг төлбөр авагчаас шүүхэд гаргажээ.

Шүүхээс  М ХК-аас хугацаа хэтрүүлсэн үндэслэлээ М ХК нь дээрх шүүхийн шийдвэр гарах үед хязгаарлагдмал хариуцлагатай компани байсан ба тус компанийг Х ХХК-тай нэгтгэх замаар өөрчлөн байгуулж М ХК болгосон үйл явцтай холбоотойгоор М ХХК-ийн авлага барагдуулах үйл ажиллагаа тасалдаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасан хугацаа тасалдсан гэж тайлбарласан боловч хүсэлтэд хавсаргасан нотлох баримтуудаар Х хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн дугаар бүхий тогтоолоор Х ХК-д М ХХК-ийг нэгтгэх замаар өөрчлөн байгуулсан байна.

Гэтэл уг төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол гарсан 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад  заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх 4 жилийн хугацааг тоолоход 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр дууссан, нэхэмжлэгчээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх хүсэлтийг 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр, хугацаа сэргээлгэх хүсэлтийг 2023 оны 4 дүгээр сарын 07-ны тус тус гаргасан нөхцөл байдлыг үнэлээд М ХК /төлбөр авагч/-ийн зүгээс хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хугацааг хэтрүүлсэн болох нь тогтоогдохгүй байх тул хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.

 

Процессын тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек