АЖИЛТАН МЭРГЭЖЛИЙН ХУВЬД ГҮЙЦЭТГЭЖ БАЙГАА АЖИЛ ҮҮРЭГТЭЭ ТЭНЦЭЭГҮЙ БОЛ ТҮҮНД БОЛОМЖИТ ХУГАЦАА ОЛГОНО

  • 2023-04-27

САНАМЖ: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой.

Шүүхийн нэр, шүүхийн шийдвэрийн дугаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, 2023.02.16 №187

 Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Иргэн Г-ээс “сумын цэцэрлэгийн нягтлан бодогчоор 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс томилогдон ажиллаж байгаад 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ мэргэжлийн хувьд тэнцэхгүй” гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тул урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргажээ.

Ажил олгогчоос нэхэмжлэгч Г-ийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч “Г-г ажилд томилсон тушаал гарсан боловч аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс түүний гарын үсгийн баталгааг батлаагүй, төсвийн гүйлгээ хийх эрх нээгдээгүй байсан учир түүний гарын үсгийн баталгааг батлуулж, эрх нээлгэхээр аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргад албан бичгээр хандсан боловч тэрээр Г нь Төсвийн ерөнхий ахлах нягтлан бодогчид тавих шаардлага, журамд заасан шалгуурыг хангахгүй байгаа тул төсвийн нягтлан бодогчоор томилж ажиллуулах боломжгүй гэж эрх нээж өгөхөөс татгалзсан. Мөн Төсвийн тухай хуульд зааснаар Г-г нягтлан бодогчоор томилохдоо Санхүү төрийн сангийн хэлтсийн даргатай зөвшилцөөгүй гэж аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс Г-г төсвийн нягтлан бодогчоор томилж ажиллуулахыг зөвшөөрөөгүй тул Г-г үүрэгт ажлаас чөлөөлсөн” гэж хариу тайлбар ирүүлжээ.

Хөдөлмөрийн тухай хуульд ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж болохоор заасан ба энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино гэж заасан.

Ажил олгогч Б сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нь ажилтан Г-г Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтаар ажлаас чөлөөлөхдөө энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгоогүй байх тул хуулийн дээрх заалт хангагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн ажилтан Г-г нягтлан бодогчоор анх томилохдоо аймгийн Төрийн сангийн хэлтсийн даргаас түүнийг ажиллуулахыг зөвшөөрөөгүй гэх хариуцагчийн тайлбар нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд зааснаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд саад болохгүй анх Г-г хүүхдийн цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажилд авч ажиллуулсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй.

Төсвийн тухай хуульд аймаг, нийслэлийн төсөвт харьяалагдах байгууллагын төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагч нь өөрийн төсвийн нягтлан бодогчийг, сумын төсөвт харьяалагдах байгууллагын төсвийн шууд захирагч нь өөрийн төсвийн нягтлан бодогчийг аймаг, нийслэлийн төрийн сангийн хэлтсийн даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө гэж заасан боловч тухайн хуульд заасан “зөвшилцөх” гэдгийг эрхлэгч нь бүрэн эрхэд хамаарах асуудлаар өөрийн гаргаж буй шийдвэр, авах гэж буй арга хэмжээнийхээ талаар хуульд заасан байгууллага, албан тушаалтантай санал солилцохыг ойлгох бөгөөд тухайн байгууллага, албан тушаалтан нь гаргасан саналыг заавал зөвшөөрсөн байхыг шаардахгүй тул хариуцагчийн “аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн хэлтсийн даргаас Г-г журамд заасан шаардлагыг хангахгүй байна гэж үзэн, нягтлан бодогчоор ажиллуулахыг зөвшөөрөөгүй” гэх тайлбар, үндэслэл нь хуульд нийцээгүй байна.

 

Шийдвэрийн тойм бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек