ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ӨГӨГДЛИЙН ХҮСНЭГТ НЬ ЗАХИРГААНЫ АКТАД ХАМААРАХГҮЙ

  • 2023-05-24

Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2022.04.07  110/ШЗ2022/0111

Тоймын огноо дугаар: 2023 оны 5 дугаар сарын 23,  Дугаар 03

Тоймын төрөл. Шүүхийн процессын  тойм

Шүүгчийн захирамжийн  төлөв: Хүчин төгөлдөр болсон.    

Санамж:  Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

            Нэхэмжлэгч “Л” ХХК нь аймгийн Засаг дарга болон Орон нутгийн өмчийн газарт  холбогдуулан, тендерийн баримт бичиг болох Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн зарим хэсгийг хүчингүй болгох шаардлагатай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ тендерийн баримт бичиг нь Сангийн сайдын тушаалаар баталсан тендерийн жишиг баримт бичигт огт нийцэхгүй байна гэж маргасан.

            Шүүхээс  уг нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж үзэв.

Учир нь, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт нь захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичиг бөгөөд захиргааны актын “захирамжилсан” байх шинжийг агуулаагүй  тул түүнийг хүчингүй болгуулах тухай маргааныг  захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхгүй гэж үзээд нэхэмжлэлийг  хүлээн авахаас  татгалзаж шийдвэрлэсэн.

Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш