АЖИЛТАНД АЖЛААС ЧӨЛӨӨЛӨХ САХИЛГЫН ШИЙТГЭЛ ОНГОГДУУЛАХААС ӨМНӨ ТҮҮНД ГАРГАСАН ЗӨРЧЛИЙГ НЬ МЭДЭГДЭЖ, ТАЙЛБАР АВАХ АЖИЛЛАГААГ ЗААВАЛ ХИЙНЭ

  • 2023-05-26

САНАМЖ: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой.

Шүүхийн нэр, шүүхийн шийдвэрийн дугаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, 2023.04.07 №336 

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Иргэн Е-аас “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ЭШ/293 дугаартай шийтгэврээр мөн өдрөөс эхлэн 10 хоногоор баривчлагдсан тул удирдлагад энэ тухай мэдэгдэж, бусад манаач нартай тохирч, байгууллагыг мануулсан боловч 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс мөн оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацааны ажлын өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан” гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тул урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргажээ.

Ажил олгогчоос нэхэмжлэгч Е-ийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч “Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд Ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шууд удирдлага болон Газрын даргаас чөлөө авалгүйгээр ажлын 3 өдөр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан эсхүл сард 3 буюу түүнээс дээш удаа цахимаар болон ирц бүртгүүлээгүй бол үүнийг ноцтой зөрчилд тооцно гэж журамласан учир ажилтны ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзсэн. Түүний ... гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 10 хоногийн баривчлах шийтгэл хүлээсэн учир ажилдаа очиж чадаагүй гэх боловч энэ нь ажил таслах хүндэтгэн үзэх шалтгаан биш тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж гэж хариу тайлбар ирүүлжээ.

Нэхэмжлэгч нь ямар шалтгаанаас болж ажил таслах гэж байгаа тухайгаа мөн тэрхүү хугацаанд ажлаа зохицуулж өгч, чөлөө хүссэн талаар тус Эрүүл мэндийн газрын Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар газрын даргад болон хэлтсийн даргад мэдэгдэх ажиллагаагаа хийсэн боловч ажил олгогчоос Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргаас тухайн хүсэлт нь тус газрын Хөдөлмөрийн дотоод журамд заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах, үл хамаарах эсэх талаар шийдвэрлэж хариу өгсөн эсэхээ бичгийн нотлох баримтаар нотлоогүй, нэхэмжлэгчийн баривчлагдсан хугацаанд түүний ээлжид гарах өдөр бусад манаач нарыг гаргаж ажлыг зохицуулсан нь шүүх хуралдаанд оролцсон гэрч нарын мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэлээр нотлогдсон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэж заасан байх ба ажил олгогчоос нэхэмжлэгч Е-д сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө түүнд гаргасан зөрчлийн талаар мэдэгдэж, түүнээс тайлбар аваагүй мөртлөө шууд ажлаас чөлөөлсөн сахилгын шийтгэл ногдуулсан нь хуулийн үндэслэлгүй болсон тул Е-г урьд эрхэлж байсан манаачийн ажилд эгүүлэн тогтоосон байна.

Шийдвэрийн тойм бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл