ӨВӨЛЖӨӨНИЙ БЭЛЧЭЭРИЙН ГАЗРЫГ ТУХАЙН БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН САНАЛЫГ ҮНДЭСЛЭН СУМЫН ЗАСАГ ДАРГА МАЛЧДАД БОЛЗОЛ, ГЭРЭЭНИЙ ДАГУУ АШИГЛУУЛНА.

  • 2023-06-13

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.31 өдрийн 110/ШШ2023/0018

Тоймын огноо дугаар: Тоймын төрөл. Шүүхийн шийдвэрийн тойм 2023.06.13 №8

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.    

Санамж: Энэхүү тойм нь  шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд  олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно

Нэхэмжлэгч “Д” нь “С” сумын Засаг даргад холбогдуулан  “иргэн “М”-ын зөвшөөрөлгүй барьсан хашаа хороо, байшин зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг “С” сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хамаарах “Ж” гэх газраас албадан нүүлгэх, хууль бус эзэмшсэн газрыг чөлөөлөх шийдвэр гаргахгүй байгаа “С” сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “М”-ын  тухайн газарт барьсан хашаа хороо,  байшин зэрэг үл хөдлөх хөрөнгийг албадан нүүлгэх шийдвэр гаргахыг даалгах“ нэхэмжлэлийг гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэлээ “... иргэн “М” нь миний мал аж ахуй эрхлэх  зорилгоор өвөлжөөний бэлчээрийн зориулалтаар ашиглаж байгаа газарт  зөвшөөрөлгүй  байшин, хашаа хороо барьсан “ гэж тайлбарлажээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.

Учир нь,  маргаан бүхий газрыг нэхэмжлэгчид өвөлжөөний зориулалтаар ашиглуулах асуудал багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар хэлэлцэгдээгүй, сумын Засаг даргаас түүнд гэрээгээр ашиглуулах шийдвэр гараагүйгээс гадна иргэн “М”  нь уг газрыг хуульд заасан журмын дагуу эзэмшсэн болох нь тогтоогдсон, нэхэмжлэгчийн тухайн газрыг өвөлжөөний бэлчээрийн зориулалтаар ашиглах хууль ёсны эрх, ашиг сонирхол нь зөрчигдөөгүй гэж үзсэн болно.  

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://www.shuukh.mn 

Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша