ХУУЛИАР НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ ЭРХ ОЛГОГДСОН ТОХИОЛДОЛД ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА НЭХЭМЖЛЭГЧ БОЛНО

  • 2023-06-13

Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2023.04.26. 110/ШЗ2023/0099

Тоймын огноо дугаар: 2023. 06.13 № 4

Тоймын төрөл. Шүүхийн процессын  тойм

Шүүгчийн захирамжийн  төлөв: Хүчин төгөлдөр болсон.    

Санамж:  Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Нэхэмжлэгч “Д” сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдуулан “аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “С”-г  “Д” сумын Засаг даргаар томилох тухай Б/02 дугаартай захирамжийг хүчингүй болгохоос татгалзсан хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, уг захирамжийг хүчингүй болгохыг даалгах шийдвэр гаргуулах” нэхэмжлэлийг гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэлд  “... “Д” сумын ИТХ-ын ээлжит бус хуралдааныг 2022 оны 12 дугаар 30-ны өдөр хуралдуулж,   “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай" 61 дугаартай тогтоолоор “С”-г сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн. Сумын Засаг даргыг томилуулах саналыг аймгийн Засаг даргад бид албан ёсоор Хурлаас уламжлаагүй байхад тогтоолын нэг хувийг иргэн “С”   аймгийн Засаг даргад уламжилсан. Аймгийн  Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт зааснаар аймгийн Засаг даргын орлогчийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Сумын Засаг даргыг томилох тухай” Б/02 дугаартай захирамжаар “С”-г  “Д” сумын Засаг даргаар томилсон.

Гэтэл “Д” сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт  27 төлөөлөгчийн дийлэнх олонх буюу 17 төлөөлөгч нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанд  бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон төлөөлөгчид болон төлөөлөгч бус этгээдүүд таслах эрхтэй оролцож, санал өгсөн  учраас “Д” сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ээлжит 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 61 дугаар тогтоолыг  хүчингүй болгосон ба уг тогтоолын дагуу “С” –г сумын Засаг даргаар томилсон захирамжийг хүчингүй болгох хүсэлтийг аймгийн Засаг даргын  үүргийг түр орлон гүйцэтгэгчид хүргүүлсэн боловч татгалзсан” гэж тайлбарлажээ.

Шүүхээс дээрх нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Учир нь, захиргааны байгууллага нь зөвхөн хуульд заасан тохиолдолд  захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь  нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг нутгийн өөрөө удирдах байгууллагын хувьд   захиргааны байгууллагад хамаарах бөгөөд  сумын Засаг даргаар сонгох, томилох харилцааг Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар нарийвчлан заасан, уг хуульд зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд  захиргааны хэргийн шүүхэд аймгийн Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгох  асуудлаар нэхэмжлэл гаргах олгоогүй гэж үзсэн болно.

Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша