ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЖ, ЯЛЛАГДАГЧААР ТАТСАН ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛААГҮЙ НЬ ХЭРГИЙГ ПРОКУРОРТ БУЦААХ ҮНДЭСЛЭЛ БОЛНО

  • 2023-06-21

Процессын тойм № 07

Шүүхийн нэр, шүүгчийн захирамжийн дугаар:  Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.01.14-ны өдрийн 2023/ШЗ/34 дугаартай захирамж,

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Прокуророос яллагдагч А нь “2007 онд Б байгууллагад мэргэжилтний албан тушаалд томилогдохдоо хуурамч диплом ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, улмаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар хуульчилсан байдаг.

Яллагдагч А-д холбогдох эрүүгийн хэрэгт шүүгч өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулахад А нь Б байгууллагад 2007 оны 8 дугаар сараас эхлэн ажиллахдаа хоёр өөр албан тушаалд томилогдон ажилласан нөхцөл байдал тогтоогджээ.

Тодруулбал, яллагдагч А-гийн 2009 оны 02 дугаар сард хуурамч бакалаврын дипломыг ашиглан нян судлалын лаборантаар томилогдож, тухайн албан тушаалд одоог хүртэл ажилласан үйлдэл холбогдолд нь прокурор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй, энэ талаар яллагдагчаар татах тогтоолд зохих өөрчлөлтийг оруулахгүйгээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон нөхцөл байдлын хүрээнд прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, яллагдагчид  танилцуулахыг мөрдөгчид даалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан.

Яллагдагч нь ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхээ эдэлж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцсанаар өөрийнхөө холбогдсон хэргийг мэдэж, улмаар хэргийн талаар бичгээр болон амаар тайлбар гаргах, баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах зэрэг хуульд заасан эрхээ эдлэх боломж бүрдэнэ.

Иймээс эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, яллагдагчид танилцуулах зэрэг ажиллагааг хийж гүйцэтгүүлэхээр   А-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт  буцааж шийдвэрлэсэн.  

САНАМЖ: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек,