БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2023 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ МЭДЭЭ

  • 2023-06-30

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны эхний хагас жилийн байдлаар 589 хэрэг, нэхэмжлэл хүлээн авч, өмнөх оны үлдэгдэл 165 иргэний хэрэгтэй хамт нийт 754 иргэний хэргээс 38 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 2 нэхэмжлэлийг буцааж, нийт 601 иргэний хэргийг шийдвэрлэж, 113 хэргийн үлдэгдэлтэй байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 13 хэргээр буюу 2,1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Нийт шийдвэрлэсэн 601 иргэний хэргийг маргааны төрлөөр нь авч үзвэл, Иргэний хуулиар 287 хэрэг шийдвэрлэснээс худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой 124, зээлийн гэрээний маргаан 69, түрээсийн гэрээтэй холбоотой 2, ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой 11, банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээтэй холбоотой 35, гэм хор учруулснаас эд хөрөнгийн хохирол 7, гэм хор учруулснаас эрүүл мэндийн хохирол 7, эдийн бус гэм хорыг арилгахтай холбоотой 2, иргэний эрх зүйн бусад маргаанаар 30 хэргийг,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 220 хэрэг шийдвэрлэснээс нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хүсэлт 7, ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт 181, бусад төрлийн хүсэлтээр 32 хэргийг тус тус шийдвэрлэжээ.

Гэр бүлийн тухай хуулиар нийт 37 хэрэг шийдвэрлэснээс гэрлэлт цуцлуулах тухай 34, эцэг тогтоолгох тухай 1, бусад маргаан 2 хэргийг шийдвэрлэж, 49 хүүхдэд мөн хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоосон байна.

Хөдөлмөрийн тухай хуулиар 41 хэрэг шийдвэрлэснээс ажлаас буруу шилжүүлсэн 4, ажлаас үндэслэлгүй халагдсан 15, цалин хөлсний маргаан 12, хөдөлмөрийн харилцаатай холбоотой бусад төрлийн 10 маргааныг тус тус шийдвэрлэжээ. Мөн Нийгмийн даатгалын тухай хуулиар 8, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар 2, бусад хуулиар 6 хэргийг тус тус шийдвэрлэсэн үзүүлэлттэй байна.

Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн 601 хэргийн 214 иргэний хэргийг хялбаршуулсан журмаар, 353 хэргийг шүүх хуралдаанаар, 34 хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба хэргийн оролцогчдоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 43,751,948 төгрөгийг улсын орлого болгожээ.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2023-06-29