ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛЬД ЗААСАН ХАДГАЛАХ ХУГАЦААНЫ ШААРДЛАГА ХАНГААГҮЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ИМПОРТОЛСОН БОЛ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛНА

  • 2023-07-04

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.12.23-ны өдрийн No110/ШШ2023/0001

Тоймын огноо, дугаар: 2023 оны 06 дугаар сарын 14, Дугаар 09

Тоймын төрөл. Шүүхийн шийдвэрийн тойм

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.    

Санамж: Энэхүү тойм нь  шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд  олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

Гаалийн газрын  гаалийн улсын ахлах байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн   0012679 дугаартай шийтгэлийн хуудсаар “СК”  ХХК  нь 2022 оны  08 дугаар сарын 23-ны өдөр  “Хүнсний тухай хуульд заасан шаардлагыг хангахгүй  хүнсний бүтээгдэхүүнийг импортолсон зөрчил гаргасан” гэж үзээд зөрчилтэй хүнсний  бараа, бүтээгдэхүүнийг хурааж,  10 сая төгрөгөөр торгожээ.

“СК” ХХК нь “гэрээгээр  хүлээсэн үүргээ зөрчиж, хуульд заасан шаардлага хангахгүй бүтээгдэхүүнийг явуулсан  нийлүүлэгч  Турк улсын “МШ” компанийн буруутай, манай компанид хамааралгүй, цаанаасаа хугацаа хэтэрч ирсэн, хүлээн авагч манай компани буруугүй” гэж маргасан. 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдсэн.

Зөрчлийн тухай хуульд зааснаар хүнс экспортлох, импортлоход тавих хуульд заасан шаардлагыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүнийг экспортолсон, эсхүл импортолсон бол зөрчилтэй хүнсний бараа, бүтээгдэхүүнийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг  гаргуулж, торгуулийн арга хэмжээ авахаар заажээ.

“СК” ХХК  нь Турк улсын “МШ” компанийн  нийлүүлсэн хүнсний  бүтээгдэхүүнийг хүлээн аваад Гаалийн тухай хуульд заасан “бараагаа мэдүүлэхээс өмнө үзэх, хэмжих”  эрхээ хэрэгжүүлэхгүйгээр гаалийн нутаг дэвсгэрт  оруулах /барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах/ горим сонгон гаалийн мэдүүлэг  гаргасан ба тухайн хүнсний бүтээгдэхүүн нь  Хүнсний тухай хуульд заасан  “импортлох хүнсний хадгалах хугацааны гуравны хоёр нь хүчинтэй хугацаа байх” гэсэн  шаардлагыг хангахгүй болох нь тогтоогдсон.

Өөрөөр  хэлбэл, “СК” ХХК-ийн  хуульд заасан шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнийг Монгол улсын нутаг дэвсгэрт оруулсан буюу импортолсон зөрчил   гаргасан гэж шүүхээс үзсэн. “СК” ХХК  нь тухайн барааны хугацааг шалгаж, хугацаа хэтэрсэн бол хилээр оруулахгүйгээр  нийлүүлэгч Турк улсын компанид буцааж, хугацааны шаардлага хангасан бараа оруулах эрхтэй юм. Харин нэгэнт Монгол Улсын хилээр оруулсан бол “хугацаа хэтэрсэн бараа оруулсан” зөрчил үйлдсэн гэж үзэж, уг зөрчилтэй барааг хураах үр дагавар үүсэх юм.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: htts://shuukh.mn 

Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш