ГАДААДЫН ИРГЭН МОНГОЛ ХЭЛ МЭДЭХ ТОХИОЛДОЛД ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ОРЧУУЛАГЧ ЗАЙЛШГҮЙ ОРОЛЦОХЫГ ШААРДАХГҮЙ

  • 2023-08-16

Шүүхийн шийдвэрийн  огноо, дугаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.01.06, №110/ШШ2023/0005

Тоймын огноо дугаар: 2023. 06.15. №10

Тоймын төрөл. Шүүхийн шийдвэрийн  тойм

Шүүгчийн захирамжийн  төлөв: Хүчин төгөлдөр болсон.    

Санамж:  Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

Гаалийн улсын байцаагч нь Бүгд Найрамдах Казакстан улсын иргэн “Е”-г Зөрчлийн тухай хуульд “Хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж, импортолно” гэж заасныг зөрчиж, хүнсний бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх зөрчил гаргасан гэж үзэж, зөрчилтэй бараа, бүтээгдэхүүнийг хурааж, 1 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Гадаадын иргэн “Е” нь  уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “монгол хэл сайн мэдэхгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд орчуулагч оролцуулаагүй” гэж тайлбарлан маргажээ.

Шүүхээс гаалийн улсын байцаагч  нь гадаадын иргэн “Е”-г орчуулагч авах эрхээр хангах журмыг зөрчөөгүй гэж үзэв.

Гаалийн улсын байцаагчаас холбогдох ажиллагааг явуулж, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн холбогдогчоос мэдүүлэг авах үед монгол хэл мэдэх эсэхийг асуухад, нэхэмжлэгч “мэднэ” гэж, гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч мэдүүлсэн үйл баримт тогтоогдсоноос гадна хариуцагчаас зөрчилд холбогдогчтой холбоотойгоор “Е” нь Монгол Улсад байнга зорчдог, урд нь  мөн зөрчлийн улмаас  удаа дараа торгох шийтгэл хүлээж байсан ба энэ үед мөн “монгол хэл” мэднэ гэж мэдүүлж, монгол хэл дээр тайлбар мэдүүлэг өгч байсан” гэж тайлбарлаж, холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгснөөр нэхэмжлэгчийн “монгол хэл мэдэхгүй” гэх нөхцөл байдал үгүйсгэгдсэн.

 

Тойм бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М. Риза