ЯЛЛАГДАГЧИД ЭМНЭЛГИЙН ЧАНАРТАЙ АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ АВАХ ПРОКУРОРЫН САНАЛЫГ ХҮЛЭЭН АВАХААС ТАТГАЛЗАЖ, ХЭРГИЙГ ПРОКУРОРТ БУЦААЖ ШИЙДВЭРЛЭВ

  • 2023-08-29

Шийдвэрийн дугаар: 2023.05.29-2023/ШЗ/173

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Процессын тойм №08

Санамж: Энэхүү мэдээлэл нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, харин шүүхийн шийдвэрийг олон нийтэд нээлттэй байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Б аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон яллагдагч Х.Б-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг хэргийн хамт ирүүлжээ.

Шүүх прокуророос ирүүлсэн саналыг хэргийн хамт шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7. “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний төрөл, дэглэм, хугацааг шинжээчийн дүгнэлтийг харгалзан шүүх тогтооно.” гэж заасан байх ба хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр яллагдагч Х.Б-д авах эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний “төрөл, дэглэм, хугацаа”-г тогтоогоогүй байхад прокурорын саналд  “яллагдагч Х.Б-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг ...7 сарын хугацаагаар хэрэглэх” гэж дүгнэсэн нь нотлох баримтад үндэслээгүй, мөн яллагдагч Х.Б нь сэтгэцийн өвчтэй бол эмчилгээ хийлгэж байсан тухай холбогдох нотлох баримтуудыг эрүүгийн хэрэгт нь хавсаргаагүй, шинжээч дүгнэлт гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.2 дугаар зүйлийн 3. “Сэтгэцийн шинжилгээг хийхдээ Шүүх шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан сэтгэцийн шинжилгээ хийх журмыг баримтална.” гэж заасныг, мөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан шинжилгээний хэлбэрийг тус тус дагаж мөрдөөгүй тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Хураангуйг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат.