ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ӨНГӨРСӨН БОЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХЭЭС ТАТГАЛЗАХ ЭРХТЭЙ

  • 2023-09-08

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, 2023.05.16 №458

Тоймын дугаар,огноо: №08, 2023.08.31.

Шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болсон.

САНАМЖ: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

Нэхэмжлэгч Ц ХХК нь шүүхэд хандаж “...Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан тус сургуулийн тэгш ойн баярын арга хэмжээнд зориулан гэж  манай компаниас 1,525,450 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг зээлээр авч тухайн оны сүүлээр өгнө хэмээн хэлсэн боловч одоо хүртэл төлөхгүй байгаа...” гэж зээлээр авсан хүнсний бүтээгдэхүүний үнэ 1,525,450 төгрөгийг гаргуулахаар 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал О нь “...Сургуулийн нэр дээр Ц ХХК-аас цайллагад хүнсний бүтээгдэхүүн авсан тухай ямар нэгэн баримт байхгүй байгаа. Манай сургуулийн ойн баярын арга хэмжээ 2017 онд болсон ба хэрэв тухайн онд хүнсний бүтээгдэхүүн худалдаж авсан бол үүнийг нэхэмжлэн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2021 онд дууссан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар хариуцагч Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын сургууль нь 90 жилийн ойн баярын хүлээн авалтад зориулан 2017 оны 9 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд Ц ХХК-аас нийтдээ 1,525,450 төгрөгийн хүнсний барааг зээлээр авч үнийг төлөөгүй болох нь тогтоогдсон.

Иргэний хуулийн хуульд зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх ба хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байна.

Иймд нэхэмжлэгч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа шүүхэд хандсан тул шүүхээс нэхэмжлэгч Ц ХХК-ийн хариуцагчаас 1,525,450 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Тойм бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик.