ӨӨР ШҮҮХЭД МАРГАЖ БАЙГАА БОЛ СУЛ ОРОН ТОО ГАРСАН ГЭЖ ҮЗЭХГҮЙ

  • 2023-09-14

Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2023 оны 7 дугаар сарын 31 Дугаар 110/ШЗ02023/0168

Тоймын огноо дугаар: 2023 оны 9 дүгээр сарын 14

Тоймын төрөл. Шүүхийн процессын  тойм

Шүүгчийн захирамжийн  төлөв: Хүчин төгөлдөр болсон.    

Санамж:  Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

Нэхэмжлэгч “Р”  Төрийн албаны зөвлөлийн аймаг дах  салбар зөвлөлд холбогдуулан  “Төрийн албаны зөвлөлийн  аймаг дахь салбар зөвлөлөөс  зохион байгуулахаар зарласан “Ө” сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг цуцалсан  тус зөвлөлийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, шийдвэрийг хүчингүй болгох, зарлагдсан сонгон шалгаруулалтын дагуу сонгон шалгаруулалт зохион байгуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий   албан тушаалын орон тоонд   урьд  ажиллаж байсан “А” нь иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүх түүнийг сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосон  байх  ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байна.

Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан  нэхэмжлэлийн шаардлагад заасан   маргаан бүхий сургуулийн захирлын  албан тушаалын  орон тоо нь сул орон тоо мөн эсэх, уг орон тоонд сонгон шалгаруулалт зарлах эсэхийг тогтооход  иргэний хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр шууд хамааралтай гэж үзээд  “... тухайн иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад уг захиргааны хэргийг  хянан шийдвэрлэх боломжгүй”  үндэслэлээр  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн. 

Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша