ШҮҮХ НОТЛОХ БАРИМТААР ТОГТООГДСОН ХЭРГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ҮНДЭСЛЭН ХЭРГИЙН ЗҮЙЛЧЛЭЛИЙГ ХӨНГӨРҮҮЛЭН ӨӨРЧИЛЖ ШИЙДВЭРЛЭВ

  • 2023-10-09

Шүүхийн нэр, шийтгэх тогтоолын дугаар: 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 он 08 дугаар сарын 23-ны өдрийн  2023/ШЦТ/150 дугаартай шийтгэх тогтоол,

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй,

Шийдвэр хураангуй: №10

САНАМЖ: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

Иргэн М нь 2021 оны 7 дугаар сард Б аймгийн У сумын 1 дүгээр багт байрлах “К” ХХК-ийн эзэмшлийн нуурын голын гянт болдын уурхайн чулуу шигших зориулалттай шигшүүрт гагнаж бэхэлсэн 1,536,000  төгрөгийн үнэтэй, 4 метрийн урттай, 12 ширхэг рельс /духтавар/ төмрийг лантуу, хасуур зэрэг багажийг ашиглаж салган авч, хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

Прокуророос яллагдагч М-ийн үйлдлийг хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу лантуу, хасуур зэрэг багажийг хэрэглэж үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч М нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэг өгөхдөө уурхайн чулуу шигших зориулалттай шигшүүрт бэхэлсэн рельс /духтавар/ төмрийн гагнасан хэсгийг лантуу, хасуур ашиглаж салгасан талаар мэдүүлж байжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар  шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг хулгайлахын тулд лантуу, хасуур зэрэг багажийн зориулалтыг нь өөрчилж тусгайлан засаж тохируулаагүй, зохион бүтээгээгүй, мөн уурхайн хамгаалалтын бүс, уурхайн аманд нэвтрэхэд  ашигласан гэж үзэх нөхцөл байдал  тогтоогдоогүй учраас дээрх багажийг зориулалтаар нь буюу рельс /духтавар/ төмрийн гагнасан хэсгийг цохих, таслах зэргээр салгахад  ашигласан үйлдэл хулгайлах гэмт хэргийн учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэх хүндрүүлэх шинжид хамаарахгүй гэж дүгнэлээ.

Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгож хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгчийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэв.

Шийтгэх тогтоолыг бүрэн эхээр нь шүүхийн шийдвэрийн цахим сангаас харах боломжтой.

https://shuukh.mn/single_case/91724?daterange=2023-01-01%20-%202023-10-05&id=1&court_cat=2&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек,