ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС ХҮНИЙ СЭТГЭЦЭД УЧИРСАН ХОР УРШГИЙН ЗЭРЭГЛЭЛИЙГ ТОГТООЛГОЖ, ДҮГНЭЛТ ГАРГУУЛАХААР ХЭРГИЙГ ПРОКУРОРТ БУЦААЖ ШИЙДВЭРЛЭВ

  • 2023-10-09

Шүүхийн нэр, шүүгчийн захирамжийн дугаар:  Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЗ/262 дугаартай захирамж,

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй,

Процессын тойм №09

 

САНАМЖ: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

Яллагдагч Ж, О нар нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүүхдийн эмчээр, яллагдагч Л, Х нар нь ээлжийн сувилагчаар тус тус ажиллаж байхдаа эмнэлгийн тусламж, үйлчилгээг  зохих ёсоор үзүүлээгүй гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

Прокуророос яллагдагч Ж, О, Л, Х нар нь эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар хуульчилжээ.

Яллагдагч О-гийн өмгөөлөгчөөс урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргасныг үндэслэн хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хаалттай хэлэлцээд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэж, Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван тавдугаар бүлэгт заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” гэж хуульчилж, Улсын дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг  баталжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А-гийн зүгээс сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжилсэн учраас Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан журмаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сэтгэцийн шинжилгээ хийж, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт  гаргуулах, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг цуглуулах, дахин шинжилгээ хийлгэх, гэрч нараас мэдүүлэг авах зэрэг ажиллагааг нэмж хийлгүүлэхээр яллагдагч Ж, О, Л, Х нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

 

Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек,