МАРГААН БҮХИЙ ШИЙДВЭР НЬ ЗАХИРГААНЫ АКТЫН ШИНЖИЙГ БҮРЭН АГУУЛААГҮЙ БОЛ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХЯНАХГҮЙ

  • 2023-10-24

Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2023 оны 9 дүгээр сарын 04, №184

Тоймын огноо дугаар: 2023 оны 10 дугаар сарын 20,  Дугаар 10

Тоймын төрөл. Шүүхийн процессын  тойм

Шүүгчийн захирамжийн  төлөв: Хүчин төгөлдөр болсон.    

Санамж:  Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

            Нэхэмжлэгч Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч А нараас, “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн  10 дугаар хуралдаанаар баталсан тогтоолыг хүчингүй болгож, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 дугаар хуралдааныг  дахин зарлаж хуралдуулахыг даалгахшаардлагатай нэхэмжлэлийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан. 

Захиргааны хэргийн шүүх хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулдаг.           

Нэхэмжлэгч нарын маргаж буй Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор сумын 2023 оны төсвийн тодотголыг  баталсан байх ба  уг тогтоол нь Захиргааны ерөнхий хуульд  заасан  захиргааны үйл ажиллагааны нэг хэлбэр болох захиргааны актын шинжийг агуулаагүй, тодруулбал, гадагшаа чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, захирамжилсан шийдвэр биш байна.

Өөрөөр хэлбэл  сумын төсвийг батлахтай холбоотой асуудал нь  нутгийн өөрөө удирдах байгууллагын буюу  Монгол Улсын засаг захиргаа, нутаг  дэвсгэрийн нэгж,  түүний  удирдлагын тухай хуульд зааснаар  тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх асуудал  тул  “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж  үзээд шүүх нэхэмжлэлийг  хүлээн авахаас татгалзсан болно.

 

Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш