ХУУЛЬД ЗААСАН ТОХИОЛДОЛД ДЭЭД ШАТНЫ ЗАСАГ ДАРГА НЬ ДООД ШАТНЫ ЗАСАГ ДАРГЫГ ӨӨРИЙН САНААЧИЛГААР ОГЦРУУЛАХ ЭРХТЭЙ

  • 2023-10-24

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.22-ны өдрийн No110/ШШ2023/0024

Тоймын огноо дугаар: 2023 оны 10 дугаар сарын 20, Дугаар  10

Тоймын төрөл. Шүүхийн шийдвэрийн тойм

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.    

Санамж: Энэхүү тойм нь  шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд  олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

Иргэн “Н” нь  “ БӨ аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Н-ийг сумын Засаг даргаас огцруулах тухай” Б/27 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэл гаргасан.

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс дараах үндэслэлээр  нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Маргаан бүхий Б/27 дугаар захирамжаар “Д” сумын Засаг дарга “Н” нь хуурамч диплом ашиглан сумын Засаг даргаар томилогдсон нь  шүүхийн хүчин төгөлдөр  шийтгэх тогтоолоор тогтоогдсон гэсэн үндэслэлээр  сумын Засаг даргаас огцруулсан байх ба  нэхэмжлэгч “Н”-ээс “сумын Засаг даргыг огцруулахад зохих шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг аваагүй, процессын  алдаа гаргасан тул  илт хууль бус захирамж” гэж маргасан байна. 

Шүүхээс  нэхэмжлэгч “Н” нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан  “Хуурамч диплом болохыг  мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон тул  түүнийг  өөрийн санаачилгаар огцруулсан  аймгийн Засаг даргын  захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-д заасантай  нийцэж байна гэж үзсэн болно.

 

Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш