ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЯВЦАД ТӨЛБӨР АВАГЧ БОЛОН ТӨЛБӨР ТӨЛӨГЧ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ҮНИЙГ ХАРИЛЦАН ТОХИРОЛЦООГҮЙ БОЛ ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭДЭЭР ҮНЭЛҮҮЛНЭ

  • 2023-10-27

Шийдвэрийн огноо, дугаар: 2023.06.08 №130/ШШ2023/00537

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Иргэн М, А нар нь өөрийн болон эцэг нь болох Ө-гийн  өвлийн сууцыг барьцаалан банкнаас зээл авсан бөгөөд уг зээлийг төлөөгүйн улмаас банк зээл төлүүлэх, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хангаж шийдвэрлэсэн байна.

Шүүхийн дээрх шийдвэрийн дагуу Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж барьцааны үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилж, хураагаад төлбөр авагч болон төлбөр төлөгч нараас үнийн санал авахад талууд тохиролцоогүй тул үнэлгээ хийх эрх авсан этгээд болох “АБ” ХХК-иар барьцааны үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлүүлсэн ба үнэлгээчний үнэлгээний тайлангаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10-р багт байрлалтай үл хөдлөх хөрөнгүүдийг 2023 оны 4 дүгээр сарын байдлаар 260744865 төгрөгөөр үнэлснийг төлбөр төлөгч нар уг үнэлгээг  “зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, үнэлгээг зохих журмын дагуу хийгээгүй” гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч үнэлгээний тайланг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нараас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн  55.7-д  “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу гомдол гаргасан байна.

Шүүх уг нэхэмжлэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрээр үнэлгээ хийх эрх авсан этгээд болох  “АБ” ХХК-ийг томилж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн ба үнэлгээ хийх эрх авсан этгээдээс үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан, хөрөнгийн үнэлгээний өртгийн аргыг ашиглан үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлсон байх тул хуулиар тогтоосон арга журмыг зөрчөөгүй, мөн гомдол гаргагч нар нь тухайн үнэлгээг няцаах үндэслэлээ нотлоогүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

 

Баян-Өлгий аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек