НИЙТЭД ТУСТАЙ АЖИЛ ХИЙЛГЭХ ЯЛ ШИЙТГҮҮЛСЭН ЯЛТАН ЯЛАА БИЕЛҮҮЛЭЭГҮЙ БОЛ ХОРИХ ЯЛААР СОЛИНО

  • 2023-11-24

Шүүхийн шийдвэрийн огноо дугаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ХМШЗ/09,

Шүүхийн шийдвэрийн төрөл: Шүүхийн процессын  тойм №10

Шүүхийн шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Шүүгдэгч А.Х нь согтуугаар 2022 оны 12 дугаар сарын 21-ний шөнө 23 цагийн үед гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Т.А-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

Ялтан А.Х-д Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 340 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Б аймгийн Ө сумын Засаг даргын Тамгын газарт газар шороо, мод тарих ажил хийлгэхийг тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ялтан А.Х-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг зөрчсөн зөрчил бүрд нь зөрчлийн тэмдэглэл үйлдэж дахин зөрчил гаргахгүй байх, гаргасан тохиолдолд өөрт нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солих журмын талаар биечлэн уулзаж, ярилцлага хийж тэмдэглэл үйлдэж, тодорхой тайлбарлан өгсөн байна.

Ялтан А.Х нь нийтэд тустай ажил хийлгэх ялаа эдлэх хугацаанд ял эдлүүлэх журмыг удаа дараа зөрчсөн нь эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хяналтын хувийн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэж, шүүхээс түүнд 340 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 306 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, 38 хоногийн хорих ялаар сольж, цагдан хорьж, ялтан А.Х-ийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Тойм бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек