НЭХЭМЖЛЭЛД ЗААСАН ҮЙЛ БАРИМТ, ЗАХИРГААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХУУЛИЙН ХҮЧИН ТӨГӨЛДӨР ШҮҮХИЙН ШИЙДВЭР БАЙГАА БОЛ УГ МАРГААНЫГ ШҮҮХ ДАХИН ХЯНАХГҮЙ

  • 2023-12-05

Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2023.10.19  110/ШЗ2023/0213

Тоймын огноо дугаар: 2023 оны 11 дүгээр сарын 29,  Дугаар 11

Тоймын төрөл. Шүүхийн процессын  тойм

Шүүгчийн захирамжийн  төлөв: Хүчин төгөлдөр болсон.    

Нэхэмжлэгч “А” нь  шүүхэд “Засаг даргын орлогчийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2-01/899 дугаартай “А.О” компанид хаяглагдсан газар чөлөөлөх мэдэгдэл, Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/223 дугаар захирамжийн “А”-гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн доорх 72 м2 газарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, тухайн газрыг өөрт нь эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэл гаргажээ.

Засаг даргын  А/223 дугаар захирамж нь “Ө” сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хамаарах аймгийн Засаг даргын Тамгын газрын эзэмшил газрын баруун талд залгаа байрлалтай 1549 м2 газрыг тус байгууллагад төрийн захиргааны байгууллагын зориулалтаар 40 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн,  харин Засаг даргын орлогчийн  2-01/899 дугаартай  мэдэгдэл нь “А.О” ХХК-д хаяглагдсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар тус компанийн 2 машины гараашны доорх 72 м2 газар нь аймгийн Засаг даргын Тамгын газрын эзэмшил  газар болох нь тогтоогдсон гэх үндэслэлээр тус газар дахь гараашийг буулгаж, газар чөлөөлөх агуулгатай байна.

Нэхэмжлэгч “А” нэхэмжлэл гаргасан үндэслэлээ “...маргаан бүхий 72 м2    газрыг “А.О” ХХК-аас шилжүүлж авч,  газар дээрх складын барилгыг сэргээн засварлан өнөөдрийг хүртэл 2 машины гарааш болгож эзэмшиж, ашиглаж байгаа газрыг Засаг даргын 2021 оны А/223 дугаар захирамжаар Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлсэн нь хууль бус, үүнтэй холбоотой “А.О" ХХК-аас урьд нь шүүхэд нэхэмжлэл гаргасныг огт мэдээгүй, “А.О” ХХК нь  нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байсан” гэж тайлбарлан маргажээ.

Маргаан бүхий газарт холбогдуулж урьд нь “А.О” ХХК нь Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/223 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг  шүүхэд гаргаж байсан байх ба анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр Засаг даргын Тамгын газарт дээрх шийдвэрээр эзэмшүүлсэн 1549 м2 газрын 72 м2 талбайтай хэсэгт 2 автомашины гарааш байрладаг, уг гараашийг “А.О” компани нь эзэмшиж, ашиглаж байгаа, 2 гараашны  доорх 72 м2 газрыг “А.О” ХХК-д эзэмшүүлж, ашиглуулахаар хуульд заасан эрх бүхий этгээдийн захирамж, шийдвэр гарч байгаагүй, 72 м2 газар багтсан 1549 м2 газрыг аймгийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлсэн нь хууль зөрчөөгүй болох нь  тогтоогджээ.

Дээрх байдлаар нэхэмжлэгч “А” нь  маргаан бүхий газарт байрлах үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж, ашигладаг, тус эд хөрөнгийг “А.О” ХХК-аас шилжүүлж авсан гэж тайлбарлаж байгаа хэдий  ч нэхэмжлэгчийн одоо маргаж байгаа болон “А.О” ХХК-ийн урьд маргасан 72 м2 газар нь “Ө” сумын 5 дугаар багт хамаарах байршлын хувьд нэг газар байх ба автомашины 2 гарааш байрладаг уг газрыг маргаан бүхий захиргааны акт болох Засаг даргын 2021 оны А/223 дугаар захирамжаар Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлсэн нь хууль ёсны эсэхийг шүүхээс урьд өмнө хянан шийдвэрлэсэн байна.

 

Иймээс “А.О” ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт, тухайн захиргааны үйл ажиллагааны талаар нэхэмжлэгч “А” маргаж нэхэмжлэл гаргасан байх тул Засаг даргын А/223 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар ... хуулийн хүчин төгөлдөр шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа;” гэсэн үндэслэлээр, Засаг даргын орлогчийн газар чөлөөлөх мэдэгдлийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд  нэхэмжлэгч “А” нь “А.О” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд биш тохиолдолд компанид хүргүүлсэн газар чөлөөлөх тухай эрх бүхий этгээдийн мэдэгдлийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

 

Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза