ХЭРГИЙН ОРОЛЦОГЧ ШҮҮХЭД ҮНЭН ЗӨВ ТАЙЛБАР ГАРАХ ҮҮРЭГТЭЙ

  • 2023-12-05

САНАМЖ: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой.

Шүүхийн нэр, шүүхийн шийдвэрийн дугаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, 2023.05.08 №427

  Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Иргэн Д-ээс  “Миний ээж амьд сэрүүн байхдаа чи 1963 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн гэж хэлдэг байсан. Миний ээжийн бүх бичиг баримтуудад миний нэр Д гэж орсон байна. Улсын бүртгэлийн газраас миний төрөлтийн бүртгэл Д гэсэн нэрээр гарахгүй байгаа. Тиймээс 1963 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрснөөр тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан” гэсэн үндэслэлээр нас тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч Д нь нэрээ өөрчилсөн талаарх тухайн үед ямар нэгэн эрхийн акт гаргаагүй байгаа ч Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн нэгдсэн архив болон Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн цахим архиваас ирүүлсэн 1963 оны 12 дугаар сарын 25-ны өдөр олгосон Төрөгсдийг бүртгэх №71 дугаартай анкет болон 1963 оны төрөгсдийн журналд тус тус хүсэлт гаргагч Х овогтой Д-ийн нэрээр бус Х овогтой Ж-ийн нэрээр 1963 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төрснөөр бүртгэгдсэн байсан ба хүсэлт гаргагчийн эцэг Х-д Ж нэртэй хүүхэд байхгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон, шүүхээс уг төрөгсдийн бүртгэх анкет болон төрөгсдийн журналд тус тус Х овогтой Ж 1963 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төрснөөр бүртгэгдсэн хүн хүсэлт гаргагч Д гэж үзсэн.

Хүсэлт гаргагчаас шүүхэд хүсэлтийн шаардлагаа нотлохоор 1963 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөр төрснөөр бичигдсэн тамга тэмдэггүй №71 дугаартай төрсний гэрчилгээ болон тус аймгийн Үйлдвэрчдийн эвлэлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1966 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 4/14 дүгээр тогтоол зэрэг бичгийн нотлох баримт гаргаж өгсөн боловч шүүхээс тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хадгалагдаж буй Н сумын 1963 оны төрөгсдийн журналд үзлэг хийхэд уг дугаарт өөр хүний төрөлт бүртгэгдсэн мөн аймгийн архивын сан хөмрөгт хадгалагдаж буй Н сумын тэргүүлэгчдийн хурлын тогтоолд хүсэлт гаргагч Д нь 1963 оны 02 дугаар сард бус 1963 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төрснөөр бичигдсэн нь тус тус тогтоогдсон тул хүсэлт гаргагчийг 1963 оны 02 дугаар сард төрсөн гэж дүгнээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн санаачилгаар бүрдүүлсэн болон хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Д нь 1963 оны 02 дугаар сард төрсөн гэх үйл баримт тогтоогдоогүй тул хүсэлт гаргагчийн  хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шийдвэрийн тойм бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл