АВТОТЭЭВРИЙН ОСОЛ ГАРГАСНЫ УЛМААС ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ХҮНД ХОХИРОЛ УЧРУУЛСАН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭЖ, УЧИРСАН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭВ

  • 2023-12-12

Шийдвэрийн дугаар: 2023.04.19 №2023/ШЦТ/77

Шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болсон

Шийдвэр хураангуй-2023.12.11,

Дугаар 12

Санамж:Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Шүүгдэгч Х нь 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 16 цагийн орчимд Б аймгийн С сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн М-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан насанд хүрээгүй хүүхэд Е-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байна.

Эрүүгийн хуульд зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор заасан ба Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас иргэн “Х”-г уг гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүхээс гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж, гэм буруутайд тооцсон.

Эрүүгийн хуульд уг гэмт хэргийг үйлдсэн хүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байдаг.

Шүүхээс Х-ийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн хор уршгийн зарим хэсгийг төлж барагдуулсан, үлдсэн хэсгийг төлж өгөхөө илэрхийлсэн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3  жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шүүгдэгч Х-гээс гэмт хэргийн хор уршигт 13.000.000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож шийдвэрлэв. 

 

Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат