БУСДЫН ВИЗА КАРТЫГ АВЧ, БАНКНЫ АТМ-ЫГ АШИГЛАН МӨНГӨ АВСАН БОЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГТ ТООЦНО

  • 2023-12-12

Шийдвэрийн дугаар: 2023.04.17-ны өдөр 2023/ШЦТ/75

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Шийдвэрийн хураангуй: 2023.12.12,

Дугаар 13

 

Иргэн М нь 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө иргэн О-гийн эзэмшлийн ХААН банкны виза картыг авч, улмаар ХААН банкны АТМ-ыг ашиглан уг данснаас 1,000,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар гарган авч хулгайлсан байна.

Эрүүгийн хуульд зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол гэмт хэрэгт тооцохоор тогтоосон ба Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас иргэн “М”-г уг гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийг үйлдсэн этгээдийг 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байдаг.

Шүүхээс “М”-ийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэж, тухайн иргэний үйлдсэн гэмт хэргийн шинж, үйлдсэн нөхцөл байдал, хохирлыг төлсөн байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, хорих ялыг оногдуулахгүйгээр 7 /долоо/ сарын хугацаагаар тэнсэж, түүнд тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн.

 

Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек