НИЙТИЙН АЛБАНД ТОМИЛОГДОХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛААР ШИЙТГЭГДСЭН БОЛ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНААР ТОМИЛОГДОХ БОЛОМЖГҮЙ

  • 2023-12-12

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: 2023 оны 4 сарын 23-ны өдөр 130/ШШ2023/00378

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

САНАМЖ: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

ХЭРГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ:

Нэхэмжлэгч М-ээс хариуцагч аймгийн Эрүүл мэндийн газар, хамтран хариуцагч “М” БГБХН-д тус тус холбогдуулан аймгийн Эрүүл мэндийн газрын даргын “Тогтоол баталгаажуулах, тушаал хүчингүй болгох тухай”  тушаалыг, М БГБХН-ийн “Өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг томилох тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан “М” ӨЭМТөвийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Хариуцагч болон хамтран хариуцагч тал “шүүхээс нэхэмжлэгчийг нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон, мөн хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шийтгэсэн” гэх үндэслэл зааж нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.

“М” БГБХН-ийн хуралдааны “Өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг томилох тухай” тогтоолоор “М” ӨЭМТ-ийн дарга М-ийг даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх ба уг тогтоолыг баталгаажуулж аймгийн Эрүүл мэндийн газрын даргын “Тогтоол баталгаажуулах, тушаал хүчингүй болгох тухай” тушаалаар нэхэмжлэгчийг “М” ӨЭМТөвийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор нэхэмжлэгч М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “Нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон”, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6/ зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн байх ба уг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байна.

Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д удирдах, төлөөлөх эрх бүхий гишүүнийг удирдах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзвэл гишүүд түүнийг уг үүргээс чөлөөлж болно гэж, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн  “Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрмийг шинэчлэн батлах тухай” А/04 дүгээр тушаалын 2.3.3-т Төвийн удирдлага нь нөхөрлөлийн бүх гишүүдийн хурал байна. Шийдвэрийг нөхөрлөлийн гишүүдийн олонхын саналаар гаргаж, шийдвэртэй холбогдон үүсэх хариуцлагыг хамтран хүлээнэ,  2.3.4-т  Нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаас тус төвийн даргыг томилж, чөлөөлнө гэж тус тус заасан байна.

Анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д заасныг баримтлан нэгэнт хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоолоор нэхэмжлэгчийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6/ зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн тул түүнийг “М” ӨЭМТ-ийн даргын үүргийг гүйцэтгэх боломжгүй гэж үзэж нэхэмжлэлийг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: 

https://shuukh.mn/single_case/26256?daterange=2022-01-01%20-%202023-07-20&id=2&court_cat=1&bb=1