ЗАХИРГААНЫ АЛБАН ТУШААЛТНЫ “АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛСАН ТУХАЙ” ШИЙДВЭР НЬ ЗАХИРГААНЫ АКТЫН ШИНЖИЙГ АГУУЛАХГҮЙ

  • 2023-12-13

Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2023.10.31,  дугаар: 110/ШЗ2023/0222

Тоймын огноо дугаар: 2023.12.13       

Дугаар:12

Тоймын төрөл. Шүүхийн процессын  тойм

Шүүгчийн захирамжийн  төлөв:  Хүчин төгөлдөр болсон.

            Нэхэмжлэгч “З” нөхөрлөлөөс “Т” сумын Засаг даргад холбогдуулан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулахаас татгалзсан “Т” сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг гэрээг байгуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад   “Т” сумын Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн “Газар ашиглуулах тухай” А/83, А/84, 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/88 дугаартай захирамжуудыг болон  “К” нөхөрлөлтэй байгуулсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ”-г тус тус хүчингүй болгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. 

           Шүүх нэхэмжлэлийн шаардлагын ихэсгэсэн хэсгийн  2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/88 дугаартай захирамжийг хүчингүй болгох шаардлагыг нь  хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Учир нь, “Захиргааны акт” гэдгийг захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, амаар бичгээр  гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагаа гэж ойлгоно.

Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар гаргасан  маргаан бүхий 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/88 дугаартай захирамж нь захиргааны актын шинжийг агуулаагүй, тодруулбал, энэ нь нэхэмжлэгчид  эрх зүйн үр дагавар шууд бий болгоогүй, захиргааны байгууллагын дотоод үйл ажиллагааг зохицуулсан, дотогш чиглэсэн, өөрөөр хэлбэл,  бичил уурхайгаар ашигт малтмал олборлох зориулалтаар олгогдсон 3 га газрыг “К” нөхөрлөлд хүлээлгэж өгөх ажлын хэсгийг байгуулсан захиргааны байгууллагын шийдвэр  байх тул захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан гэж үзлээ.

Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша