ХУУЛЬД ЗААСАН ЖУРМЫГ ЗӨРЧИЖ ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН БОЛ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНЫ ОНОГДУУЛСАН ШИЙТГЭЛИЙГ ХУУЛЬ БУС ГЭЖ ҮЗНЭ

  • 2023-12-13

Шүүхийн шийдвэрийн  огноо, дугаар: 2023.07.05 ,  110/ШШ2023/0034

Тоймын огноо дугаар:2023.12.13 

Дугаар: 12

Тоймын төрөл.   Шүүхийн шийдвэрийн  тойм

Шүүхийн шийдвэрийн  төлөв: Хүчин төгөлдөр болсон.    

Санамж:  Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Гомдол гаргагч “Е” нь “Б” аймгийн Татварын хэлтсийн татварын улсын  байцаагчийн 2023 оны 5  дугаар сарын 26-ны өдрийн  “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0065520 дугаартай шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах гомдлыг шүүхэд гаргасан, шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “... Казахстан улсад байдаг эгч маань хүнээр 2 ширхэг коньяк явуулсныг дэлгүүрт түр тавьсан, дэлгүүрийн лангуун доор байсан, худалдан борлуулах зорилго байгаагүй, гэрт аваачих гэж байсан” гэж тайлбарласан.

Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчийг татварын улсын байцаагч нь онцгой албан татварын тэмдэггүйгээр 2 ширхэг Казахстан улсад үйлдвэрлэсэн коньяк буюу согтууруулах ундааг худалдан борлуулсан үндэслэлээр 1.000.000 төгрөгөөр торгох шийтгэлийг ногдуулжээ.

Хариуцагчаас шийтгэл ногдуулсан үндэслэлээ ”... Цагдаагийн байгууллагаас харьяаллын дагуу шилжүүлсэн зөрчлийн материалд “Е” нь дэлгүүрийн лангуунд онцгой албан татварын тэмдэггүй 2 ширгэх коньяк худалдаж байсан нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1-т “тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлсэн, эсхүл импортолсон, эсхүл худалдсан, эсхүл борлуулсан”, 1.6-д “... тэмдэггүй, эсхүл хуурамч тэмдэг бүхий согтууруулах ундаа, тамхийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсний дагуу шийтгэл ногдуулсан гэж тайлбарласан.

Шүүхээс дээрх шийтгэлийн хуудсыг хууль бус гэж үзэн хүчингүй болгож шийдвэрлэсэн. Учир нь,

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, аймгийн Цагдаагийн байгууллагаас  “Уусан бол бүү жолоод” аяны хүрээнд явуулсан шалгалтын явцад эргүүлийн 2 цагдаа нь   гомдол гаргагчийн дэлгүүрийн лангуунд байсан 2 ширхэг коньякийг  хураасан, хураасан үед  хөтөлсөн “Эд хөрөнгө хураасан тухай тэмдэглэл”-д 2 цагдаагийн  нэг нь   хөндлөнгийн гэрчээр оролцож гарын үсэг зурсан, өөр хөндлөнгийн гэрчийг оролцуулаагүй, мөн уг зөрчил гэж үзсэн үйл баримтыг дуу-дүрсний бичлэгээр  бэхжүүлээгүй байсан зэрэг нь тогтоогдсон ба дээрх нь Зөрчил шалган шийдвэрлэх хуульд заасан  эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явц, үр дүнг баталгаажуулахаар тухайн ажиллагаанд хөндлөнгийн гэрчийг оролцуулах, хөндлөнгийн гэрч нь тухайн зөрчлийн хэрэгт хувийн сонирхолгүй хүн байх,  хөндлөнгийн гэрч оролцох боломжгүй тохиолдолд  дуу-дүрсний бичлэгээр тухайн ажиллагааны явц, үр дүнг бэхжүүлэх гэснийг тус тус   зөрчсөн байх тул   гомдол гаргагчийн гаргасан гэх зөрчил нь  хуульд заасан журмын дагуу шалгагдан тогтоогдоогүй гэж үзсэн болно.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: htts://shuukh.mn

Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий  шүүгч З.Гүлбарша