ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ МЭДЭГДЛИЙГ ЗАХИРГААНЫ АКТ ГЭЖ ҮЗЭХГҮЙ

  • 2024-01-24

Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2023 оны 11 дүгээр сарын 27, №252

Тоймын огноо дугаар: 2024 оны 01 дүгээр сарын 22,  Дугаар 01

Тоймын төрөл. Шүүхийн процессын  тойм

Шүүгчийн захирамжийн  төлөв: Хүчин төгөлдөр болсон.    

Санамж: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

            Нэхэмжлэгч С-ээс, “БӨ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 15 дугаартай газар чөлөөлөх мэдэгдлийг хүчингүй болгох” шаардлагатай нэхэмжлэлийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга болон мэргэжилтэнд холбогдуулан гаргажээ.

Захиргааны хэргийн шүүх  нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн  дагуу маргааныг хянан шийдвэрлэдэг ба  ингэхдээ уг нэхэмжлэлийн зүйл нь захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний акт байхыг шаарддаг.

Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй  мэдэгдэл нь  Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга байгууламж барьсан,  эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн  эзэмшсэн бол  аймаг, нийслэл , сум , дүүргийн Засаг дарга  уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө” гэж заасныг үндэслэн гарсан байх ба нэхэмжлэгчид илүү татсан хашаа, гараашны зориулалттай барилга, байгууламжийг  чөлөөлөх, чөлөөлөхгүй бол  албадан чөлөөлөх  арга хэмжээ авах талаар урьдчилан мэдэгдсэн агуулгатай байна.

Эндээс үзэхэд, уг мэдэгдэл нь нэхэмжлэгчид эрх зүйн шууд үр дагавар бий захирамжилсан шинжийг агуулаагүй, өөрөөр хэлбэл мэдэгдлээр тодорхой нэг тохиолдлыг шууд нэг мөр зохицуулаагүй буюу С-д холбогдуулан хууль ёсны захирамжилсан шийдвэр гараагүй байна гэж үзлээ.

Иймд уг газар чөлөөлөх тухай мэдэгдэл нь Захиргааны ерөнхий хуульд  заасан  захиргааны үйл ажиллагааны нэг хэлбэр болох захиргааны актын эрх зүйн шууд үр дагавар  бий болгосон захирамжилсан  шинжийг агуулаагүй тул захиргааны хэргийн шүүх хянах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзээд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш