ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛЖ ТОМИЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙХ НЬ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ЭРХ ХЭМЖЭЭНД ХАМААРНА

  • 2024-01-24

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2023 оны 10 дугаар  сарын 12, 110/ШШ2023/0058

Тоймын огноо дугаар: 2024 оны 01 дүгээр сарын 22,  Дугаар 02

Тоймын төрөл. Шүүхийн шийдвэрийн тойм

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.    

Санамж:  Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

            Нэхэмжлэгч А-аас, “БӨ аймгийн Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн “А-г  сумын Засаг даргын албан тушаалаас огцруулах тухай” Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгож, сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоолгохшаардлагатай нэхэмжлэл гаргасан.

Маргаан бүхий захиргааны акт болох БӨ аймгийн Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/11 дүгээр захирамжаар “сумын Засаг  даргын Тамгын газрын даргын сул орон тоо гарсан талаар 7  хоногт багтаан олон нийтэд мэдээлэх,  сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан  төрийн албаны холбогдох шатны байгууллагад  хүргүүлэх үүргээ хэрэгжүүлэхгүйгээр  Төрийн албаны тухай  хуулийг ноцтой зөрчсөн,   тухайн сул орон тооны захиалгыг 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн дотор  Төрийн албаны зөвлөлийн аймаг  дахь салбар зөвлөлд  ирүүлэх талаар аймгийн Засаг даргаас  өгсөн үүрэг даалгаврыг  хугацаандаа биелүүлэлгүй Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчсөн” гэсэн үндэслэлээр  нэхэмжлэгч А-г сумын Засаг даргын  албан тушаалаас огцруулжээ.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар  аймгийн Засаг дарга нь хууль тогтоомжийн биелэлтийг хангах ажлыг зохион байгуулах эрхтэй  боловч Төрийн албаны тухай хуульд төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх, зөрчлийг тогтоох, зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулах, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох, хариуцлага  тооцуулахаар мэдэгдэл хүргүүлэх зэрэг нь Төрийн албаны зөвлөлийн эрх хэмжээнд хамаарахаар  зохицуулсан байна.

Энэ тохиолдолд тухайн маргаантай харилцаа буюу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх  нь Төрийн албаны зөвлөлийн эрх хэмжээнд хамаарахаар тусгайлан зохицуулсан байх тул  хариуцагч аймгийн Засаг дарга нь өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудалд хяналт шалгалт хийсэн нь  Төрийн албаны тухай хуульд нийцээгүй байна гэж үзээд  сумын Засаг даргыг огцруулсан шийдвэрийг  хүчингүй болгож шийдвэрлэжээ. 

Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш