ЗОРЧИХ ЭРХ ХЯЗГААРЛАХ ЯЛ ШИЙТГҮҮЛСЭН ЯЛТАН ЯЛАА БИЕЛҮҮЛЭЭГҮЙ БОЛ ХОРИХ ЯЛААР СОЛИНО

  • 2024-02-21

Шийдвэрийн дугаар: 2023.05.26-2023/ХМШЗ/11,

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Процессын тойм №01

Санамж: Энэхүү мэдээлэл нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, харин шүүхийн шийдвэрийг олон нийтэд нээлттэй байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Шүүгдэгч “Е” нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны шөнө 23 цагийн орчимд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн С-ыг “бааранд байхдаа томроод байсан” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

Ялтан “Е”-д Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ялтан “Е”-д зорчих эрхийг хязгаарлах ялыг зөрчсөн зөрчил бүрд нь зөрчлийн тэмдэглэл үйлдэж дахин зөрчил гаргахгүй байх, гаргасан тохиолдолд өөрт нь оногдуулсан ялыг хорих ялаар солих журмын талаар биечлэн уулзаж, ярилцлага хийж тэмдэглэл үйлдэж, тодорхой тайлбарлан өгсөн байна.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос ялтан “Е”-д шүүхээс оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 5 хоногийн ялыг хорих ялаар солих асуудлыг шийдвэрлүүлэхээр прокурорын дүгнэлтээ үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Ялтан “Е” нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлэх, шийдвэр гүйцэтгэгч, техникийн ажилтны хууль ёсны шаардлагыг биелүүлэх, шүүхээс тогтоосон зорчихыг хязгаарласан газарт зорчихгүй байх” зэрэг үүргээ биелүүлэхгүй, удаа дараа зөрчсөн, техникийн болон биечилсэн хяналтаас 24 цагаас илүүгүй хугацаагаар удаа дараа санаатайгаар зайлсхийсэн нь эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хяналтын хувийн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон гэж шүүхээс дүгнэж, 2 сарын зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 5 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг 5 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, цагдан хорьж, ялтан “Е”-ийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Тойм бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек