АТМ-ЭЭС НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДИЙГ АШИГЛАН БУСДЫН ХААН БАНКНЫ ДАНСНААС ХҮЧ ХЭРЭГЛЭХГҮЙГЭЭР, НУУЦААР, ХУУЛЬ БУСААР МӨНГӨ ГАРГУУЛАН АВСАН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭВ

  • 2024-02-21

 Шүүхийн шийдвэрийн  огноо, дугаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол - 2023.09.11, 2023/ШЦТ/155

Тоймын огноо дугаар: 2024.02.20,  №01

Тоймын төрөл. Шүүхийн шийдвэрийн  тойм

Шүүхийн шийдвэрийн  төлөв: Хүчин төгөлдөр болсон.   

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Шүүгдэгч “Г” нь 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тирлик” зах дотор үйл ажиллагаа явуулдаг “А” төвд байршилтай АТМ-ээс насанд хүрээгүй “Н”-ийг ашиглан хохирогч “Ц”-ийн Хаан банкны тоот данснаас 1,000,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар гаргуулан хулгайлан авч 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Эрүүгийн хуульд зааснаар бусдын эд хөрөнгийг, хэн нэгэн хүнд хүч хэрэглэлгүй өмчийн эзэн нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй байхад бусдын өмчлөх эрхэд халдаж бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор тогтоосон ба Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас иргэн “Г”-г уг гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүгдэгч “Г”-ийн үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгийн халдашгүй байх эрхэд халдаж хохирогч “Ц”-ийн Хаан банкны тоот данснаас 1,000,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар гаргуулан авч 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан байна гэж дүгнэж, шүүхээс түүнийг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийг үйлдсэн этгээдийг 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байдаг.

Шүүхээс тухайн иргэний үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж, газар шороо болон мод тарих 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч А.Дауренбек