ШҮҮХЭЭС ҮҮРЭГ ХҮЛЭЭЛГЭСЭН ХУГАЦААНД ДАХИН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДВЭЛ ЯЛ ОНОГДУУЛНА

  • 2024-02-28

Шүүхийн нэр, шийтгэх тогтоолын дугаар: 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 он 01 дүгээр сарын 12-ны өдрийн  2024/ШЦТ/09 дугаартай шийтгэх тогтоол,

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

 

Шүүгдэгч С нь 2023 оны 02 дугаар сард малчин Х, Ө нарын малын хашаанаас 5 тооны ямаа, Н сумын Засаг даргын тамгын газрын байрнаас 750000 төгрөгийн үнэтэй “Мустанг-5” загварын мотоциклыг хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Прокуророос С-ийн дээрх үйлдлийг сумын Засаг даргын тамгын газрын байр буюу хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, бусдын бог малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Тус шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/151 дугаартай шийтгэх тогтоолоор өсвөр насны шүүгдэгч С-г машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний 18 насанд хүрээгүй хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн байжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт шүүгдэгч нь үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахаар хуульчилжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С нь сумын Засаг даргын тамгын газрын байрны цонхоор нь нэвтэрч бусдын эд хөрөнгийг буюу мотоциклыг хулгайлсан, нэр бүхий малчдын 5 тооны малыг хулгайлсан нөхцөл байдал нотлогдон тогтоогдсон учраас түүнийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар тус тус шийтгэсэн.  

Шүүгдэгч С нь шүүхээс үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд дахин мал хулгайлах, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон учраас түүнд үүрэг хүлээлгэсэн  шүүхийн шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд үйлдсэн машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэрэгт нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж,  шүүгдэгчид оногдуулсан дээрх хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

  Шийтгэх тогтоолыг бүрэн эхээр нь шүүхийн шийдвэрийн цахим сангаас харах боломжтой.

САНАМЖ: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек,