ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНААС ЗӨРЧИЛ ҮЙЛДЭЭГҮЙ ХҮНД ШИЙТГЭЛ ОНОГДУУЛСНЫГ ШҮҮХЭЭС ХҮЧИНГҮЙ БОЛГОВ

  • 2024-03-06

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2024 оны 01 дүгээр сарын 11, 110/ШШ2024/0001

Тоймын огноо дугаар: 2024 оны 02 дугаар сарын 29,  Дугаар 01

Тоймын төрөл. Шүүхийн шийдвэрийн тойм

Шүүхийн шийдвэрийн  төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.    

Санамж:  Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Иргэн Х.Х нь эрх бүхий албан тушаалтны 2023 оны 0219296 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар маргасан ба уг шийдвэрээр  иргэн Х.Х-г “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан, эзэмших эрхгүй газарт байшин барьсан зөрчил гаргасан” гэж үзээд  Зөрчлийн тухай хуульд зааснаар 500 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Гомдол гаргагч Х.Х нь “...Засаг даргын А/21 дугаартай захирамжаар эзэмшсэн газарт байшин барьсан, газрын кадастрын зураг нь зөрчилтэй байсныг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас зөвтгөж өгсөн” гэж, хариуцагчаас “Х.Х нь өөрт нь  эзэмшүүлсэн газраас 1600 метрийн зайтай өөр газарт байшин барьж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан зөрчил гаргасан нь кадастрын зураг, үзлэг, бусад нотлох баримтаар тогтоогдсон” гэж тус тус тайлбарлан маргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий этгээдээс иргэн Х.Х-д эзэмшүүлсэн гэх газрын кадастрын зургийг 3 удаа үйлдэж, газрын мэдээллийн санд бүртгэсэн, эхний хоёр кадастрын зураг нь өөр газрын байршилд, харин  3 дахь удаа зөвтгөж үйлдсэн гэх кадастрын зургаар тодорхойлогдсон газрын байршил нь гомдол гаргагч Х.Х-ийн байшин барьсан орчны газар болох нь тогтоогдсон.

Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээгээр  Х.Х-д эзэмшүүлсэн газрын байршлыг  хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас шалгаж тогтоохгүйгээр Х.Х-д эзэмшүүлснээс өөр газарт үйлдэгдсэн буруу кадастрын зургийг үндэслэж, эрх бүхий байгууллагын  зөвшөөрөлгүйгээр газар ашигласан зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй байв.

Шүүхээс иргэн Х.Х-г зөрчил үйлдээгүй гэж үзэж,  шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза