ҮНДСЭН НЭХЭМЖЛЭЛИЙН ШААРДЛАГААР ҮҮССЭН МАРГААНЫ УЛМААС ЭРХ, ХУУЛЬ ЁСНЫ АШИГ СОНИРХОЛ НЬ ХӨНДӨГДӨӨГҮЙ ЭТГЭЭД ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ГУРАВДАГЧ ЭТГЭЭДЭЭР ОРОЛЦОХГҮЙ

  • 2024-03-06

 Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2024 оны 01 дүгээр сарын 11, №011

Тоймын огноо дугаар: 2024 оны 02 дугаар сарын 29,  Дугаар 02

Тоймын төрөл. Шүүхийн процессын  тойм

Шүүгчийн захирамжийн  төлөв: Хүчин төгөлдөр болсон.    

Санамж: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

            Нэхэмжлэгч Х.Х нь  Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/97 дугаар захирамжийг хүчингүй болгох шаардлагатай нэхэмжлэлийг “А” сумын Засаг даргад холбогдуулан гаргасан байх ба уг шийдвэр нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Х-д маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/21 дугаартай захирамжийг хүчингүй болгосон агуулгатай байна.

Хариуцагч дээрх шийдвэрийг гаргахдаа нэхэмжлэгч Х.Х-г хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзжээ.

  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн С.М нь бие даасан шаардлага гаргаагүй  гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргаж, үндэслэлээ “... уг газрыг “А” сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/156 дугаар захирамжаар эзэмшсэн” гэж тайлбарласан боловч уг захирамжийг Засаг даргаас 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/51 дугаартай захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн байжээ.  

            Шүүхээс иргэн С.М-ийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэв. Үүнд

1. Дээрх байдлаар Засаг даргаас иргэн С.М-д маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн гэх шийдвэрийг А/51 дугаартай захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэснээр уг газрыг иргэн С.М эзэмшдэг гэж үзэх үндэслэлгүй.

2. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн  нэхэмжлэгч Х.Х нь тухайн газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу  2 жил дараалан ашиглаагүй эсэхтэй холбоотой маргаан нь иргэн С.М-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй.

3. Засаг даргын 2023 оны А/21 дугаартай захирамжаар маргаан бүхий газрыг нэхэмжлэгч Х.Х эзэмшихээс өмнө тухайн газрыг С.М-д 2022 оны А/156 дугаар захирамжаар эзэмшсэн, улмаар уг захирамжийг хүчингүй болгосон үйл баримт нь нэхэмжлэгч Х.Х болон Засаг дарга хоорондын энэхүү газрын маргаанд хамааралгүй, тусдаа маргаан гэж үзсэн болно.

 

Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.РИЗА