ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  • 2024-03-20

Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасны дагуу тус аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн албан хаагчидтай хийх уулзалтыг 2024 оны 03 дугаар сарын 20-ний өдөр шүүхийн байранд зохион байгууллаа.

Уулзалтад Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын дарга, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн дарга, Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн ахлах байцаагч, аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч, ахлах прокурор болон Баян-Өлгий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид оролцлоо.

Уулзалтад Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Х.Дамысбек шүүхээс 2022-2023 онд эрэн сурвалжлах, албадан ирүүлэхээр гарсан шийдвэр, шүүгчийн захирамжийн биелэлтийн талаар танилцууллаа. 

Түүнчлэн эрэн сурвалжлах, албадан ирүүлэх ажиллагаатай холбогдуулан гарч буй зарим асуудлуудын талаар болон Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2021 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн А/116/65 дугаартай хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам”, 2 дугаар хавсралтаар баталсан “Яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, шүүгдэгч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгчийг эрэн сурвалжлах журам”-ын хэрэгжилтийн талаар харилцан санал солилцож, цаашид анхаарах асуудлын хүрээг тодорхойлж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахаар болсноор уулзалт үр дүнтэй болж өндөрлөлөө.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2024-03-20