БУСДЫН АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДЭД ГЭМ ХОР УЧРУУЛСАН БОЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНД УЧИРСАН ХОХИРЛЫГ БУРУУТАЙ ЭТГЭЭД ХАРИУЦАХ ҮҮРЭГТЭЙ

  • 2024-04-02

САНАМЖ: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой.

Шүүхийн нэр, шүүхийн шийдвэрийн дугаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, 2023.02.16 №187

 Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Нэхэмжлэгч аймгийн Прокурорын газар нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хүсэлтээр шүүхэд хариуцагч Е-ээс эрүүл мэндийн даатгалын санд хохирол нэхэмжилсэн.

Тодруулбал, Е нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А-г зодож, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэрэгт холбогдсон ба шүүхийн шийтгэх тогтоолоор Е-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн. Е-ийн буруутай үйлдлийн улмаас иргэн А-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч түүнд эмнэлгийн байгууллагаас 1,900,000 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ үзүүлж, тухайн мөнгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулан авч, Эрүүл мэндийн даатгалын санд гэм буруутай этгээдийн улмаас 1,900,000 төгрөгийн хохирол учирсан байх тул буруутай этгээд болох Е төлөх ёстой гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хариуцагчаас Е нь хохирогч А-ийн биед хүндэвтэр хохирол учруулсан тул шүүхийн шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдож, эрүүгийн хариуцлага хүлээж, гэмт хэргийн улмаас учруулсан гэх хохирлыг төлж барагдуулсан. Монгол улсын Үндсэн хуульд зааснаар “эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй ...” тул иргэн хүн эрүүл мэндээ хамгаалуулж, эмнэлгийн тусламж авсны улмаас гарсан зардал төлбөрийг би төлөх ёсгүй гэж маргасан байна.

Шүүхээс Е-ийн гэм буруутай үйлдлийн улмаас А-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тогтоогдож, хуулийн хүчин төгөлдөр  шийтгэх тогтоолоор Е-г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.

Хохирогч А-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан зардалд нийт 1,900,000 төгрөг гарсан, тухайн мөнгө Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдсөн байх тул Иргэний хуульд зааснаар гэм хорыг хариуцвал зохих иргэн, хуулийн этгээд нь буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу уг хуулийн этгээдийг хохиролгүй болгох үүрэгтэй бөгөөд буруутай этгээд болох хариуцагч Е-ээс Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 1,900,000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

Шийдвэрийн тойм бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек