ЯЛЛАГДАГЧИЙН ГЭМ БУРУУГАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ ӨГСӨН МЭДҮҮЛЭГ НЬ ДАНГААРАА ТҮҮНИЙГ ГЭМ БУРУУТАЙД ТООЦОХ ҮНДЭСЛЭЛ БОЛОХГҮЙ

  • 2024-04-10

Процессын тойм № 04

Шүүхийн нэр, шүүгчийн захирамжийн дугаар:  Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/81 дугаартай захирамж,

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

САНАМЖ: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Г нь тус аймгийн Н сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бэлэг дурсгалын дэлгүүрийн үнэт эдлэлийн тасгаас 3 удаагийн үйлдлээр ээмэг, зүүлт, бөгж зэрэг үнэт эдлэлийг хулгайлж, хохирогч Б-д нийт 14,181,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Шүүх эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэхийг хянах бөгөөд Г нь шүүх хуралдааны үед хохирогч Б-ийн алдагдсан гэх эд зүйлсээс 6 ширхэг зүүлт, 2 ширхэг бөгжийг  авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч бусад  эд зүйлсийг аваагүй, хохирогч хохиролтой гэхээр  нь хохирлыг төлөөд өгсөн гэж мэдүүлсэн байдаг.

Яллагдагч, шүүгдэгч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүйгээс гадна мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг нь дангаараа түүнийг гэм буруутай эсэхийг шийдвэрлэх үндэслэл болохгүй бөгөөд тухайн мэдүүлгийн эх сурвалж нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон байх шаардлагатай. 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй байхад прокуророос хулгайлах гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн нь үндэслэлгүй гэж дүгнэж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

 

Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек,