ГУРАВДАГЧ ЭТГЭЭДИЙН ЭРХ , ХУУЛЬ ЁСНЫ АШИГ СОНИРХОЛ ХӨНДӨГДӨЖ БАЙГАА НӨХЦӨЛД ХАРИУЦАГЧИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ БАТЛАХГҮЙ

  • 2024-04-23

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2024 оны 11 дүгээр сарын 29, 110/ШШ2023/0064

Тоймын огноо дугаар: 2024 оны 4 дүгээр сарын 19,  Дугаар 07

Тоймын төрөл. Шүүхийн шийдвэрийн тойм

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.  

Санамж:  Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчээс  гуравдагч этгээд З.А-г Өлгий сумын 5 дугаар багт байршилтай, 4 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлд бүртгэж, 000980853 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр олгосонтой холбогдуулан уг бүртгэлийг “илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагатай нэхэмжлэлийг нэхэмжлэгч А.А гаргасан .

Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчид  холбогдох уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан болох хяналтын улсын байцаагч  нь дүгнэлт үйлдэж, маргаан бүхий акт буюу тухайн бүртгэлийг хүчингүй болгосон байна.

Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч талаас  “хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” хүсэлт, харин гуравдагч этгээд З.А–аас  “Хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, дээд шатны байгууллага, албан тушаалтанд хандана. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосноор миний эрх ашиг зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал байгаа учраас  хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн тайлбар тус тус гаргасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.

Улсын бүртгэлийн ерөнхий хуульд хяналтын улсын байцаагчийн шийдвэрийн талаар гарсан маргааныг дээд шатны улсын байцаагч шийдвэрлэхээр, түүний шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргахаар тус тус зохицуулсан бөгөөд гуравдагч этгээд З.А-г  4 өрөө байрны хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлд бүртгэснийг хүчингүй болгосон хяналтын улсын байцаагчийн дүгнэлт нь гуравдагч этгээдийн  эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох  үндэслэлгүй гэж шүүхээс үзсэн болно.

 

Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш