ХУУЛЬ БУСААР ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДСАН, БАРИВЧЛАГДСАН ИРГЭНИЙ ЭРХИЙГ СЭРГЭЭСЭН ТОХИОЛДОЛД ТҮҮНД УЧИРСАН ХОХИРЛЫГ ТӨР ХАРИУЦАН АРИЛГАНА

  • 2024-05-31

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, 2024.01.31 №119

Тоймын дугаар,огноо: №05, 2024.05.29

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

САНАМЖ: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

Иргэн Б тус шүүхэд хандаж ... эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Б-г нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө гэмтээж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэнд тооцож 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн ба давж заалдах шатны шүүх Б-г цагаатгасан тул Монгол Улсын Засгийн Газрын нөөц сангаас цагдан хоригдсон 80 хоногт 6,285,696 төгрөг, сэтгэл санааны хохиролд 6,285,696 төгрөг, олох байсан орлого 3,000,000 төгрөг, хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс болох 31,500,000 төгрөг, өмгөөлөгчийн зардалд төлсөн 3,500,000 төгрөг нийт 50,571,392 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Төрийг төлөөлж оролцсон прокурор нь иргэн Б-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч “Прокурорын зүгээс Цагдан хоригдсон 80 хоногийн тухайд бол прокурорын зүгээс маргахгүй. Харин уг хугацаандаа олох ёстой байсан орлого өмгөөллийн хөлс, сэтгэл санааны хохирол, өмгөөллийн зардал гэсэн 4 төрлийн нэхэмжлэлийн шаардлагуудын үндэслэлүүдийг эргэлзээтэй гэж үзэж байна. Иргэний  хэрэгт хавсаргаж өгсөн өмгөөллийн гэрээ болон эрүүгийн хэрэгт авагдсан өмгөөллийн гэрээ нар хоорондоо зөрүүтэй, мөн хүний өмгөөлөгч авах эрх нь Үндсэн хуульд заасан эрх нь юм. Уг эрхийнхээ хүрээнд өмгөөлөгчийг авсан. Өмгөөлөгч нар Баян-Өлгий аймагт ирээд 2 хоногт байршсан зардлыг шууд нэхэмжлэгчээс гаргуулах нь үндэслэлгүй. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл нь эргэлзээтэй байгаа учраас бүхэлд нь хангах боломжгүй” гэж маргажээ.

Эрүүгийн хуульд хүнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, эрүүдэн шүүсний улмаас учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана, мөн хуульд тухайн хүнийг цагаатгасан шүүхийн шийдвэр гарсан бол хохирол нөхөн төлүүлэх эрх үүснэ гэж заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг гаргаж болно мөн хуульд зааснаар энэхүү хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэсний дагуу нэхэмжлэгч Б нь хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Шүүхээс  нэхэмжлэгч Б-ийн цагдан хоригдсон нийт 80 /наян/ хоногийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420,000 төгрөгөөр тооцож, цагдан хоригдсон хоногт 1,120,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 5,000,000 төгрөг, олгох байсан орлого 3,000,000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн өмгөөллийн хөлс 1,500,000 төгрөг, нийт 10,620,000 төгрөгийг гаргуулан олгож, илүү нэхэмжилсэн 39,951,392 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген