МЭНДЧИЛГЭЭ (Захиргааны хэргийн шүүх 20 жил)

  • 2024-06-10

Юуны түрүүнд уншигч танд ардчилсан, эрх зүйт төрийн үнэт зүйл болсон Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойн мэндийг дэвшүүлье.

Шүүх хэмээх их айлын босгыг анх алхсан ажлын гараа маань Захиргааны шүүхтэй нягт холбоотой. Оюутан байхаасаа Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд Иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаануудад оролцож ажлынхаа гарааг эхэлж, дараа нь Дарханы шүүх, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд шүүгчийн туслахаар ажиллаж байгаад 2009 оноос 2012 он хүртэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолоор Баян-Өлгий аймаг дахь шүүхүүдийн Тамгын хэлтсийн даргаар томилогдон ажилласан.

Энэ үед тус аймгийн Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн албыг аймгийн Ерөнхий шүүгч давхар хашдаг хуультай байсан учраас Р.Асхабыл гуай Ерөнхий шүүгчээр нь ажиллаж, шүүгчээр С.Сайран, З.Гүлбарша, С.Еркеш нар, шүүгчийн туслахаар М.Риза, Б.Ерханат нар ажиллаж байв. Ерөнхий шүүгч З.Гүлбарша, шүүгч С.Еркеш, М.Риза зэрэг манай аймгийн Захиргааны хэргийн чадварлаг шүүгч нараар бид, манай хамт олон үргэлж бахархдаг. Мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн, чадварлаг, шударга, зарчимч, ёс суртахууны өндөр соёлтой эдгээр шүүгч нар Захиргааны хэргийн шүүх анх 2004 онд байгуулагдсан цагаас эхлэн захиргааны хууль бус шийдвэрээс иргэдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашгийг хамгаалах, шударга ёсыг тогтоох үүрэгт ажлаа өнөөдрийг хүртэл нэр төртэй биелүүлж байна.

Намайг Тамгын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа тус шүүхийн шүүгчийн туслахаар ажиллаж байсан М.Риза, Б.Ерханат нар хожим шүүхийн Тамгын хэлтсийн даргаар томилогдон ажилласан. Шүүхийн захиргаа нь өөрөө онцлогтой захиргааны байгууллага учраас захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн туслахууд шүүхийн Тамгын хэлтсийн даргын албыг хашихад дөхөмтэй байдаг болов уу. Б.Ерханат нь одоог хүртэл тус шүүхийн Тамгын газрын даргаар ажиллаж байгаа бол М.Риза нь 2012 оноос Ерөнхийлөгчийн зарлигаар Захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.

Тухайн үед манай Тамгын хэлтсийн хамт олон шүүхийн менежментийг сайжруулах чиглэлээр олон шинэ ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байсны дотор Захиргааны хэргийн шүүхтэй холбоотой 2 төрлийн ажлыг онцолж болох юм. Нэгдүгээрт, 2009 оны 3 дугаар сарын 21-ний Наурызын баярын өдөр манай шүүхийн www.court.bayanulgii.gov.mn нэртэй цахим хуудсаа орон нутгийн шүүхүүдээс #анх_удаа байнгын ажиллагаатай цахим хуудас болгон бүтээж нээлтээ хийж байлаа. Өнөөдрийг хүртэл үндсэн нүүр хуудасны зураг надад байдаг юм.

2009 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд Ц.Цогт шүүгчийн санаачилгаар шүүхийн шийдвэрийн цахим сан бий болчихсон байсан юм. Уг санааг өөрийн шүүхдээ хэрэгжүүлж, шүүхийн цахим хуудсаар дамжуулан Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүдийг орон нутгийн шүүхүүдээс анх удаа, тодорхой нууцлалтайгаар цахим сүлжээнд нийтлэх замаар нээлттэй болгож, тус шүүхийн туршлага, практикийг түгээхэд анхаарч ажилласан. Учир нь шинээр байгуулагдаж удаагүй байгаа Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг олон нийтэд нээлттэй болгосноор иргэдийн эрх зүйн боловсролд нэмэр болох, тус шүүхийн чиг үүрэг, мөн чанарыг сурталчлах, таниулах, захиргааны шүүхийн шийдвэрийг судалгааны эргэлтэд оруулах нь чухал гэж үзсэн. Түүнчлэн Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүх нь шийдвэрлэсэн хэргийн тоогоороо улсын хэмжээнд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн дараа ордог байсан, одоо ч орон нутгийн шүүхүүдээс дээгүүр үзүүлэлттэй байдаг учраас шүүхийн практикийг түгээхийг зорилго болгосон юм.

Баян-Өлгий аймгийн шүүхүүдийн www.court.bayanulgii.gov.mn цахим хуудас нь орон нутгийн шүүхүүдээс анх удаа байнгын ажиллагаатай, шүүхийн шийдвэрийн цахим сантай цахим хуудас байснаараа онцлогтой. Бид тухайн үедээ шүүхийн вэб сайтад суурилагдсан олон шинэ цахим үйлчилгээнүүдийг нэвтрүүлж байсан. Дараа нь бусад шүүхүүдийн Тамгын хэлтсийн дарга нартай хамтарч, тухайлбал Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Говьсүмбэр, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар аймгийн шүүхүүд, Завхан аймгийн Тосонцэнгэл дэх сум дундын 2 дугаар шүүх зэрэг арваад шүүхийн цахим хуудсыг манай шүүхийн цахим хуудасны загвар дээр суурилж боловсруулж, Шүүхийн цахим хуудсыг ажиллуулах, мэдээлэл нийтлэх журам, Шүүхийн шийдвэрийг нийтлэх журмуудыг Тамгын хэлтсийн даргын тушаалаар баталж, мөрдүүлэн ажилласан.

Дараагийн онцлох ажил гэвэл, “Захиргааны эрх зүйн бодлогын эмхэтгэл” нэртэй бодлого-тохиолдлын эмхэтгэлийг Захиргааны хэргийн шүүхийн 5 жилийн ойд зориулж 2010 онд хэвлэж гаргасан. Энэ нь Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүх 2004 онд анх байгуулагдсан цагаас эхлэн 2009 оныг дуустал хугацаанд шийдвэрлэж байсан бодит кэйсүүдэд тулгуурлаж боловсруулсан бодлогын хураамж гэдгээрээ онцлогтой ном юм.

Энэхүү бодлогын хураамжийг гаргасан гол зорилго нь тус шүүхийн шийдвэрүүдийг судалгааны эргэлтэд оруулах, Захиргааны шүүхийн шийдвэрлэдэг бодит хэргүүдийн онцлогийг хуульч мэргэжлээр суралцаж байгаа оюутан залуус болон хуульчид, шүүгчдэд тэдгээрийн сургалтад ашиглагдах эх сурвалжаар нь дамжуулан таниулах, бодит мэдлэг олгох зорилготой байсан. Уг эмхэтгэлд нийтдээ 100 бодлого тохиолдлоос гадна захиргааны эрх зүйн бодлого бодох аргачлал нийтлэгдсэн ба Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн туслах М.Риза, аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Раушан нартай хамтарч боловсруулан нийт 500 ширхгийг хэвлүүлж, шүүх тус бүрээс гадна Улсын хэмжээний нийт хуулийн сургууль, номын сангуудад тараасан.

Дүгнэвэл, 2009-2011 онд шүүхийн Тамгын хэлтсийн даргаар ажиллах хугацаанд шинээр байгуулагдаж удаагүй байгаа Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, туршлагыг бусдад түгээхэд ихээхэн ач холбогдол өгч ажиллажээ.

Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх 2004 оны 6 дугаар сарын 04-ний өдөр шинээр байгуулагдан, үйл ажиллагаа явуулснаар Хууль зүйн шинжлэх ухааны бие даасан судлагдахуун, бие даасан салбар эрх зүй болох Захиргааны эрх зүй нь цоо шинэ онол, үзэл баримтлал, хандлагаар хөгжих үндэс суурь бэхэжсэн гэж үздэг. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, практик нь уг салбар эрх зүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа нь дамжиггүй. Ингээд нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд, ахмад буурлууддаа хувиасаа болон хамт олныхоо нэрийн өмнөөс Монгол Улсад Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойн мэндийг дахин хүргэж, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

Хүндэтгэсэн, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах

шатны шүүхийн Ерөнхий шүүгч Солтанмуратын Өмирбек.