Энэхүү дурсамжийг бичихээс өмнө ардчилал, хүний эрх, эрх чөлөө, эрх зүйт төрийг дээдлэн хамгаалах зорилгоор Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20 жилийн ойн баярын мэндийг нийт уншигчдадаа хүргэе!
Шүүх хэмээх их айлын босгыг миний бие Монгол улсад 2004 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Захиргааны хэргийн шүүх байгуулагдсанаар анх алхаж, ажлын гараа маань Баян Өлгий аймаг дахь Сум дундын шүүхэд шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байгаад 2008 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчээр дэвшин ажиллаж, 2017 оноос өнөөдрийг хүртэл тус шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдон ажиллаж байна.
Тухайн үеийн дурсамжаас дурдахад, шүүх хуралдааны тэмдэглэлийг гараар бичдэг, ажлын ачаалал ихтэй, 6 шүүгчийн дунд хоёр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга бөгөөд шүүгчийн туслах л ажилладаг байлаа.
Энэ үед тус аймгийн Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн албыг аймгийн Ерөнхий шүүгч Р.Асхабыл гуай, ахмад шүүгч С.Сайран, шүүгчид З.Гүлбарша, С.Еркеш нар, шүүгчийн туслахаар Д.Көбеш, М.Риза, Б.Ерханат нар ажиллаж байв.
Одоо мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн, чадварлаг, шударга, зарчимч, ёс суртахууны өндөр соёлтой Ерөнхий шүүгч З.Гүлбарша, шүүгч С.Еркеш, М.Риза зэрэг манай аймгийн Захиргааны хэргийн чадварлаг шүүгч нараар бид, манай хамт олон үргэлж бахархдаг ба эдгээр шүүгч нар Захиргааны хэргийн шүүх анх 2004 онд байгуулагдсан цагаас эхлэн захиргааны хууль бус шийдвэрээс иргэдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашгийг хамгаалах, шударга ёсыг тогтоох үүрэгт ажлаа нэр төртэй биелүүлж байна.
Монгол улсын өнөөгийн шүүхийн түүхийг бүтээлцэж, намтрыг зузаатган нэгэн цаг үед хамтран ажиллаж байгаа үе үеийн шүүгч, ажилтнууд болон одоо ажиллаж байгаа нийт хамт олондоо хувиасаа болон Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хамт олны нэрийн өмнөөс Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20 жилийн ойн мэндийг хүргэж, та бүхний ажил, амьдрал нь Алтай Таван Богд уулсын тэнгэрт дүүлэн ниссэн жигүүртэн шувуу бүргэдийн хурц хараа, мэлмий тунгалаг, шийдвэр нь мэргэн байж, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг чинь сэтгэлээсээ хүсье.