Мэндчилгээ

  • 2024-06-20

Юуны өмнө уншигч та бүхэнд Монгол улсад  Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Миний бие Баян-Өлгий аймгийн шүүхэд 2001-2006 онуудад шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, туслах шүүгчээр ажиллаж байгаад 2006 онд Сум дундын шүүхийн шүүгчээр томилогдсон ба 2015 оноос одоо хүртэл тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байна.

Захиргааны хэргийн шүүх байгуулагдахаас өмнө Сум дундын шүүх нь эрүү, иргэний болон бусад маргаантай хэргийг бүхэлдээ харьяалан шийдвэрлэдэг байсан бөгөөд 2004 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсанаар захиргааны байгууллага болон албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрхийг сэргээлгэх тухай гомдлыг дагнасан шүүх шийдвэрлэхээр харьяалуулснаар тухайн маргааныг мэргэшсэн шүүх шийдвэрлэж эхэлснээс хойш 20 жилийн хугацаа өнгөрсөн байна.

Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүх анх байгуулагдаж эхэлсэн үеэс өндөр ёс зүйтэй, хуулийн өндөр мэдлэгтэй, үнэнч шударга, хариуцлагатай, шүүх гэсэн сэтгэлтэй  чадварлаг шүүгч,  захиргааны ажилтнуудаас бүрдэж захиргааны хэргийн шүүн таслах ажиллагаагаа явуулсны үр дүнд хүний эрх, эрх чөлөөг хамгаалан, хуулийг хэрэгжүүлж, шударга ёсыг тогтоох үйл хэрэгт амжилт гаргаж ажилласан ба манай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон шүүгч нарыг Монгол улсын шүүхийн хүрээнд өндрөөр үнэлж, зарим хэргийн хувьд шүүн таслах ажлын практик тогтоон ажиллаж байгааг дурдаж, Монгол улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, шүүхийн нийт хамт олонд ажлын өндөр амжилт, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг  хүсэн ерөөж байна.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны 

шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек