ЗАХИРГААНЫ ШҮҮХ ШҮҮГЧ БОЛОХ ЗАМНАЛЫГ ТАВЬЖ ӨГСӨНД ТАЛАРХАЖ ЯВДАГ

  • 2024-06-25

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Тасхын

Миний бие анх 2012 онд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүгчийн туслахаар томилогдож, 2017 он хүртэл ажилласан. Тухайн үед үндсэн ажлын зэрэгцээ нарийн бичгийн даргын ажлыг хавсран гүйцэтгэдэг байлаа. Энэ хугацаанд Ерөнхий шүүгч З.Гүлбарша, шүүгч С.Еркеш, М.Риза нарын туршлагатай чадварлаг шүүгчдийн туслахаар ажиллахдаа маш их зүйлийг сурч мэдсэн маань хуульч, шүүгч болох замналын суурийг тавьж өгсөнд ихэд талархаж явдаг.

Эдгээр шүүгчдийн шийдвэрүүд “Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл”-д эхний 3 байрт тогтмол шалгарч, хэвлэгддэг байсан нь шүүгчдийн хууль хэрэглээний чадвар чансааг тайлбарлах илтгэх биз ээ.

Туслахаар ажиллаж байсан миний хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн процессын зөрчил гаргахгүй байхыг ямагт хичээж, чадварлаг шүүгч болох мөрөөдөлдөө хүрэхийн тулд хариуцсан ажил үүрэгтээ илүү нягт нямбай хандаж, сурч судлах, илүү цагаар ажиллах шаардлага тулгарч байсан нь ирээдүйн ажил амьдралд маань өргөн боломж олгосон өгөөжтэй он жилүүд байсныг онцлон тэмдэглэхэд таатай байна.

Манай шүүх бусад аймгийн Захиргааны хэргийн шүүхүүдээс харьцангуй ачаалалтай, хэрэг, нэхэмжлэл их ирдэг байсан тул илүү цагаар, ажлын өдрүүдэд шөнийн 1, 2 цаг хүртэл сууж ажиллах нь хэвийн үзэгдэл байлаа. Үүний ч ачаар миний бие 2015 онд шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалтыг амжилттай өгч, тэнцэж байсан. Үүний дараа 2017 онд өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж захиргаа, эрүү, иргэний 300 гаруй маргаанд оролцож, 85 хувийн амжилттай ажилласан. 2020 онд эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцож тэнцээд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020.05.21-ний өдрийн 42 дугаар зарлигаар Хэнтий аймаг дахь СДИХАШШ-ийн шүүгчийн албан тушаалд томилогдсон ба 2021.03.23-ны өдрөөс Ховд аймгийн ИХАШШ-д шүүгчээр, 2023 оноос тус шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байна.

Монгол улсад Захиргааны хэргийн шүүх дагнан байгуулагдсанаас хойших өнгөрсөн 20 жилийн түүхэн хөгжилд мэдлэг чадвар, туршлага бүхий хамт олны нэгэн хэсэг болж, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд өөрийн өчүүхэн хувь нэмрийг оруулж, тэндээс ирээдүйн шүүгч болох амьдралын суурийг баттай олж, сурч хөгжсөндөө туйлын баяртай байдгаа дахин илэрхийлье.

Тэрхүү түүхт цаг хугацаанаас өнөөдрийг хүртэл шударга ёсны төлөөх эрхэм хариуцлагатай, нэр төртэй гэгээн үйлсэд мөр зэрэгцэн хамтран ажиллаж байгаа шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууддаа Монгол Улсад захиргааны хэргийн шүүх байгуулагдсан 20 жилийн ойн мэндийг хүргэж, ажил амьдралд нь амжилт хүсье.

Шударга ёс батжих болтугай.