ШҮҮХ - МИНИЙ ХҮМҮҮН ЗАЯАНЫ УЧИГ

  • 2024-06-26

Хийх бүтээх хүслээрээ жигүүрлэсэн хорин хэдхэн настай эрх зүйч мэргэжилтэй шавилхан хүү арван долоон жилийн өмнө Цагаан гэрт анхны шангаа татсан төрөлх шүүхийнхээ тэнгэрлэг босгоор алхан орж байсан он цаг маань саяхан мэт санагдана.

Шинэхэн байгуулагдаад 7 жил болж байсан Захиргааны хэргийн шүүхэд 2011 онд шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтний ажлаас дэвшин ажиллаж, өнөөгийн шүүхийн маань хойморт хүндлэгдэн суугаа хүндэтгэлт Ерөнхий шүүгч, шүүгч, ажилтан нараасаа суралцаж, шүүхийн байгууллагатай хүйн холбоогоор гагнагдсан маань хүмүүн заяаны маань учиг зангилаа ажээ.

Шүүхийн байгууллагад орж ажиллах нь өөрөө өндөр хувь заяа, өндөр нэр хүнд, өндөр хариуцлага юм.

Баян-Өлгий аймгийн шүүхэд тэр тусмаа Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэгэн цаг үед хөдөлмөрлөж, шүүгч хүний өдөр тутмын ажил, хэрэг шийдвэрлэх мэдрэмж, арга барил, хүнлэг чанар, мэргэшлийн ур ухааныг дэргэдээс нь мэдэрч, суралцаж, загнуулж, хайрлуулж, магтуулж, урмын үг сонсож, бие сэтгэлдээ шүүхийн ажлаа шингээж, хамт олныхоо ажил дунд хамтдаа буцалж явсан маань өдгөө надад ажил, амьдралын баялаг туршлага, үнэт зүйл хэзээ ч үл мартагдам дурсамж болон үлджээ.

Шүүхийн ажлын нарийн ширийн бүхнийг амсаж, шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн даргын ажлыг хамтатган хийж, Захиргааны хэргийн шүүхийн онцлогийг ойлгож, амсаж, шүүхийн ажилд шимтэн дурлаж, шүүгчийнхээ даалгасан ажлыг тэр дор нь хийж, амжуулахыг хичээж, хатуу ч үнэн үгийг хамт олноосоо сонсож, ухаарч, хийж бүтээхийг эрмэлздэг чанарыг маань үнэлж, шүүхийн Тамгын газрыг удирдах итгэлийг хамт олон маань өгсөн гэж тунгааж, сүсэглэн залбирч явдаг.

Хоёр арван оны түүхээ бичиж буй Баялаг түүхтэй Баян-Өлгий аймгийн аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, ажилтнууддаа, төрөлх шүүхийн хамт олондоо Монгол Улсад Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны түүхт 20 жилийн ойн халуун мэндийг өөд өөд нь өргөн дэвшүүлж байна.

 

Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Б.Ерханат