Захиргааны хэргийн шүүхэд ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа Ерөнхий шүүгч, шүүгч, захиргааны ажилтнууд та бүхэндээ Монгол улсад дагнасан захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
Миний бие 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар томилогдож, шүүхийн байгууллага дахь ажлын гараагаа тус шүүхээс эхлүүлж байсан.
2016 оны сонгуулийн үр дүнгээс шалтгаалан төрийн захиргааны албан хаагчийн ажлаас үндэслэлгүй халагдсан тухай нэхэмжлэл, хэрэг маргаан нэмэгдсэнтэй холбогдуулан тухайн үед шүүх өмнөх жилүүдээс өндөр ачаалалтай ажиллаж байлаа. Урьд өмнө ийм өндөр ачаалалтай байгууллагад ажиллаж үзээгүй болохоор багагүй бэрхшээл тулгарч байсан хэдий ч хамт ажиллаж байсан шүүгч, ажилтнуудын хүнлэг чанар, эелдэг харилцаа хандлага, хөдөлмөрч зан чанар болон надад ажлын арга барилыг байнга зааж зөвлөн хамран ажилласны ач тусаар ажиллах орчондоо дасан зохицож, мэдлэг чадвараа бататган ажлын туршлага хуримтлуулж чадсаныг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэргийн шүүх бол өөрийн санаачилгаар гэрчээс мэдүүлэг авах, үзлэг хийх, хэргийн оролцогчийг татан оролцуулах зэрэг хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах ажиллагааг хэрэгжүүлдэг онцгой чиг үүрэгтэй. Ихэнх хэргийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэгдгэрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс бүрдсэн олон хэргийн оролцогч оролцдог учраас захиргааны хэргийн шүүхийн шүүх хуралдаан удаан хугацаагаар үргэлжилж явагддаг. Шүүх хуралдааны нарийн бичгийн даргын хувьд шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөн түүгээрээ хэлэлцэн асуудлыг баталгаажуулах чухал үүрэг хүлээдэг. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрлэсэн хэргийн 90 орчим хувьд нь хэргийн оролцогчид давж заалдаж, хяналтын журмаар гомдол гаргаснаар анхан шатны шүүхийн шийдвэр дээд шатны шүүхээр хянагдаг нь бусад шүүхээс туйлын яалгаатай гэж хувьдаа дүгнэдэг.
Шүүгч, ажилтнууд хариуцсан ажил үүргээ, ямагт үнэнч шударгаар гүйцэтгэж хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, шударга ёсыг тогтоох үйлсийг хоёргүй сэтгэлээр зүтгэсэн хамтын хүч хөдөлмөрийн үр дүнд анхан шатны шүүхийн шийдвэрийг дээд шатын шүүхээс өөрчлөх, хүчингүй болгох явдал маш бага байдаг ба тус аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн хэргийн тоо, шүүн таслах ажиллагааны чанарын үзүүлэлтээр улсын хэмжээнд дээгүүр үнэлэгддэг. Ийм үнэнч шударга хөдөлмөрч, нөхөрсөг хамт олноороо үргэлж бахархаж явдаг юм.
Эрхэм шүүгч, ажилтнууд та бүхний шударга ёсны манаанд зогсох өндөр хариуцлагатай ажил үйлсэд нь улам их амжилтыг хүсэн ерөөе.
Баян-Өлгий аймгийн Татварын газрын хуулийн асуудал хариуцсан татварын
улсын байцаагч Б.Ардабек