БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

  • 2024-06-27

Эрүүгийн хэргийн талаар:

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны эхний хагас жилийн байдлаар өмнөх оны үлдэгдэл 14 хэрэгт нэмж 162 эрүүгийн хэрэг хүлээн авч, нийт 176 эрүүгийн хэргээс 11 хэргийг прокурорт буцааж, 4 хэргийг түдгэлзүүлж, 146 хэргийг шийдвэрлэж, 15 хэргийн үлдэгдэлтэй байна. Үүнийг өмнөх оны 1 дүгээр улиралд шийдвэрлэсэн эрүүгийн хэрэгтэй харьцуулбал 36 хэргээр буюу 24,6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

2024 оны эхний хагас жилийн байдлаар шийдвэрлэсэн хэргийг төрлөөр нь авч үзвэл, хүнийг алах 1, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах 3, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах 55, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 1, хүчиндэх 6, хүүхдийн эсрэг гэмт хэрэг 1, хулгайлах 23, залилах 9, мал хулгайлах 7, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 1, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 3, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 4, бусад зүйл ангиар 32 эрүүгийн хэргийг тус тус шийдвэрлэсэн байна.

Ял шийтгүүлсэн 153 хүнийг насны ангиллаар нь авч үзвэл, 14-15 насны 3, 16-17 насны 11 хүн, 18-21 насны 16 хүн, 22-29 насны 35 хүн, 30-34 насны 31 хүн, 35-аас дээш насны 57 хүн бөгөөд шүүхээр ял шийтгүүлсэн 153 хүний 32 хүнийг хорих ялаар, 90 хүнийг торгуулийн ялаар, 9 хүнийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 22 хүнийг зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, 17 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, 5 хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байна. Шүүхээс оногдуулсан торгуулийн нийт хэмжээ 161,055,000 төгрөг байна.

Тус шүүхээр шийдвэрлэгдсэн  146 эрүүгийн хэргийн улмаас 113 эрэгтэй, 46 эмэгтэй, насанд хүрээгүй 9 хүүхэд, 3 хуулийн этгээд, 5 төрийн байгууллага хохирч, 1 хүн нас барсан бөгөөд 67 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 3 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна. Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлын хэмжээ 878,650,840 төгрөг байна.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс прокурорын дүгнэлтийг үндэслэн 3 хүнийг хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө суллан хяналт тогтоожээ. Тус шүүх нь 2024 оны эхний хагас жилийн байдлаар 3 хүнийг сэжигтнээр баривчлах зөвшөөрөл олгож, 47 яллагдагчид хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, 15 яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол 11 яллагдагчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгаж шийдвэрлэсэн.

Зөрчлийн хэргийн талаар:

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2024 оны эхний хагас жилийн байдлаар зөрчлийн 542 хэргийг хүлээн авч, 539 зөрчлийн хэрэг шийдвэрлэснийг өмнөх оны эхний хагас жилд шийдвэрлэсэн зөрчлийн хэрэгтэй харьцуулбал 182 зөрчлийн хэргээр буюу 33,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2024-06-27